12 настай хүү ахлах сургууль, коллежоо зэрэг төгсжээ


Ахлах сургуулиа амжилттай төгсөх нь сурагч бүрийн хувьд академик боловсролын амжилт байдаг билээ. Тэгвэл 12 настай Майк Виммер ахлах сургуулиа төгсөхийн зэрэгцээ коллежийн сургалтыг дүүргэжээ.

Майк Виммер цар тахлын хөл хорионы үед цагийг ашиглан боловсролдоо анхаарах болсон тухайгаа Today сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Би сургууль руугаа очих шаардлагагүй болсон. Энэ нь надад нэмэлтээр хичээл судлах боломж олгосон. Үр бүтээлгүй, зүгээр суухынхаа оронд бид яагаад нэг ч гэсэн шинэ зүйл оролдож болохгүй гэж” хэмээжээ.

Виммер ахлах сургуулиа төгсөхөд шаардагдах бүх зүйлсийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өгч дуусгажээ. Ингээд хаврын семестрийн үеэр коллежийн сургалтад анхаарлаа хандуулж эхэлсэн байна.  Тэрбээр өөрийгөө тун сайн сурагч байсан тухайгаа яриандаа онцолжээ.

Боловсролд шамдах дуртай тэрээр технологийн хоёр компанийн үүсгэн байгуулагч ба долоон настайдаа “Next Era Innovation” нэртэй анхны стартап компаниа байгуулжээ.

Хүмүүс түүнийг “Хүүхэд насаа хүүхэд шиг өнгөрөөдөггүй, хэтэрхий олон зүйл хийдэг” хэмээн шүүмжлэх нь бий. Гэхдээ тэрээр өөрийн сонголт, хийж буй зүйлсдээ үргэлж сэтгэл хангалуун байдаг аж.

Майк Виммер “Хэрвээ та нар миний өрөөг харвал шалан дээр машинууд хөглөрч, өнцөг буланд лего тоглоомууд бий. Би суралцаж, бизнес эрхэлж байгаа хэдий ч хүүхэд хэвээрээ” гэжээ.

Виммер ямар ч саад тотгор тулгарсан өөртөө, мөрөөдөлдөө үнэнч байгаарай хэмээн үеийнхэндээ үлгэр дуурайл болж буй аж. Тэрээр мөн “Нэг хаалга хаагдахад дараагийнх нь нээгддэг. Хэрвээ хаалга нээгдэхгүй байсан ч мөлхөөд орчих боломжтой жижиг цонх байж л байгаа” хэмээсэн нь олон хүнд урам зориг өгчээ.

Эх сурвалж: Today



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна