Өнгөрсөн гурван өдөр төв талбайд болсон 29 дэх номын баярын үеэр яруу найрагч, орчуулагч Б.Баясгалантай номын тухай хэсэг хором ярилцлаа. Мөн унших дадалтай болоход хүүхдийг хэрхэн дэмжих талаар түүний байр суурийг сонссон юм.
-Хүүхдэдээ ямар ном уншуулах вэ, яаж уншуулах вэ, хэрхэн унших дадалтай болгох вэ гэх асуулт танд хэр их ирдэг вэ. Үүнд хариулж өгөхгүй юу? -Эцэг эх нь юу хийнэ, түүнийг хүүхэд даган дуурайж өсдөг. Томчууд гар утас ширтээд, зогсоо чөлөөгүй зурагт үздэг хэрнээ ном унш гэж хүүхдээс шаардаж байгаа бол ямар ч үр дүнгүй. Эцэг эх нь өөрсдөө хүүхдийн нүдэнд уншиж харагддаг байх чухал. Мөн хүссэн үедээ аваад унших ном зурагтын хажууд, ширээ, буйдан дээр гээд хаа сайгүй, хүүхдэд ойрхон байх нь унших дадалтай болоход илүү сайн нөлөөлөх болов уу. Жишээлбэл, хүүхэд хоол идэх зуураа нэг хуудсыг нь сонирхоод харчихдаг, зурагт үзэж суухдаа ганц нүүрийг уншчих боломжтой байвал гэсэн санаа. Ингэсээр яваандаа номыг бүтнээр нь унших сэдэл төрнө. Унших дадалтай болгоход
Нөгөөтээгүүр ном худалдаж аваад шилэн хорго, номын санд өрөөд тавьчихдаг бол бас бодох л асуудал. Ном уншина гэдэг нь зориуд цаг гаргадаг албадлагын шинжтэй биш, шүдээ угаах, зурагт үзэх болон хоол идэх шиг амьдралын энгийн нэг үйлдэл юм байна гэж хүүхдэд ойлгуулах ёстой байх.
-Танаас ном унших дадлын талаар сонирхмоор байна? -Би олон ном зэрэг уншдаг. Хүнд роман уншмааргүй үед хөнгөн өгүүллэг сонгох зэргээр олон зохиол холиод уншдаг. Мөн ариун цэврийн өрөө, орны хажууд, дэрэн дээр ном байдаг. Мөн нэгийг нь цүнхэндээ байнга авч явдаг. Тусгайлан цаг гаргаад, өнөөдөр 30 хуудсыг уншина, эсвэл бүх ажлаа хийж дуусгачихаад оройн 22-23 цагийг заавал номд зарцуулна гэж өөртөө дарамт үүсгэх хэрэггүй. Цүнхлээд гарахад такси, нийтийн тээвэр, дараалалд зогсох, хүн хүлээж суух зэрэг өдөрт гардаг зай завсруудыг номоор дүүргэх боломжтой юм. Эндээс бидний амьдралд ямар олон дэмий өнгөрөөдөг цаг байдгийг анзаарах болно. Сул зайнуудыг ашиглахад л өдөрт их ном уншчихсан байдаг шүү/инээв/
-Яагаад ном унших ёстой вэ гэж хүүхэд асуувал? -Үүнд хариулахаасаа урьтаад хүүхдэдээ дараах асуултыг тавиад үзээрэй. "Чи яагаад зурагт үзэх ёстой вэ? Яагаад тоглоом тоглох хэрэгтэй гэж" гээд. Яг үүнтэй л адилхан. Ном унших нь заавал хийх ёстой, хүнд хэцүү даалгавар биш, тоглох, хоол идэхтэй л ижил амьдралын энгийн нэгэн дадал юм. Түүнчлэн ном уншвал ухаантай болно гэхчлэн хүүхдийг дарамтлах хэрэггүй байх. Энэ номд сонирхолтой түүх байна лээ. Гарч буй баатар нь зарим чанараараа ээжид нь чамтай адилхан санагдлаа зэргээр сонирхлыг өдөөх хөнгөн яриа хүүхэдтэйгээ өрнүүлж болох юм. Түүнээс номоор далайлгаж "үүнийг нь л уншихгүй бол бүтэхгүй, ухаан муутай амьтан болно" гэх хэрэггүй. Ингэвэл хүүхдээ номоос бүр холдуулж, айлгачихаж магадгүй юм.
-Та сүүлийн үед ямар ном уншиж байна вэ? -Манай хэвлэлийн газраас гаргаж буй номын орчуулгын ариутган шүүлтийг хийж байна. Италийн зохиолч, утга зохиол шүүмжлэгч Умберто Экогийн "Сарнайн нэр" роман, яаж зохиол бичих тухай өгүүлэх Стивен Кинг "Бичихийн тухай" гэж сонирхолтой номыг хэвлүүлэх гэж байна. Энэ зун эдгээрийн орчуулгын редактораар ажиллана. Би дэлхийн нэн шинэ үеийн дэлхийн утга зохиолын бүтээлүүдийг түлхүү уншдаг. Эдийн засаг, түүх гээд хүн бүрд өөрийн гэсэн унших дуртай зохиолын төрөл байдаг шүү дээ. Миний хувьд ажлын шугамаар ч тэр ихэвчлэн уран зохиол, урлагийн тухай ном уншдаг юм байна.
-Ярилцсанд баярлалаа.
эх сурвалж: gogo.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна