УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа дараахь асуудлуудыг хэлэлцжээ.
Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх мэдээллийг ЗГХЭГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Зохихсүрэн, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, дэд дарга Б.Дөлгөөн, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Сюзанна нар өгчээ.
АН-ын бүлгийн гишүүд дараах байдлаар байр сууриа илэрхийлсэн байна.
Б.Пүрэвдорж: -Улсын төсвийн хэмжээ өмнөх жилүүдээс эрс өссөн. Тиймээс хүүгийн дэмжлэг үзүүлэх, зээлийн баталгаа гаргах зэргээр Монгол Улсын хөгжилд хэрэгтэй томоохон бүтээн байгуулалтад улсын төсвөөс хөрөнгө оруулах боломж бүрдсэн.
Ц.Туваан: -Үндэсний хөгжлийн газар улс орныхоо хөгжлийг урьдчилж харж, төлөвлөж явдаг учраас та бүхэн мэдээлэл сайн байгаа байх. Тухайлбал, их өөдрөг төсөөлөл гаргаад зургаадугаар сарын 15 коронавирусийн халдварын тохиолдол буурна гэсэн төлөвлөлт яасан бэ. Коронавируст халдварын үед хэрэгжиж хуулийн үйлчлэл ирэх сард дуусна. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох дэмжлэгүүд ч долдугаар сарын 1-нээс зогсоно. Гэтэл халдварын тоо дэлхий нийтийн анхааралд орохоор нэмэгдчихлээ.
Н.Алтанхуяг: -Засгийн газар мөрийн хөтөлбөр баталчихсан. Түүндээ уялдуулсан төлөвлөгөө боловсруулмаар байна. Хэрэгтэй, хэрэггүй хууль олныг баталж байна. Биелэх боломжтой хуулиа л одоо батлах хэрэгтэй юм. Та нар үнэхээр Монголын хөгжлийн бодлого төлөвлөдөг юм бол Дарханы зам хэзээ ашиглалтад орохыг, Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орохыг надад хэлж өгөөч. Яагаад ажил чинь явахгүй байна гэхээр тогтолцоо чинь буруу байна. Засгийн газрын нэг агентлаг нь хөгжлийн бодлого тодорхойлох гэхээр, яамтайгаа зөрчилддөг. Тогтолцоогоо өөрчилж байж та нарын ажил явна.
Б.Бейсен: -Өвчний халдвар өсч байна. Гэтэл аймаг, орон нутагт онош тодруулах лаборатори дутагдалтай хэвээрээ. Эрүүл мэндийн салбарт огт бодлого алга. Улаанбаатарын том клиник эмнэлгийг түшиглэн эмч нарын мэргэжил дээшлүүлэх барилгыг барих хэрэгтэй. Эмч нар үнэхээр туйлдаж байна, зарим нь хувийн салбарт орж байна. Энэ янзаар эрүүл мэндийн салбар ажиллах хүнгүй болох нь.
С.Ганбаатар: -Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн уул уурхайн металлургийн болон исэлдсэн хүдрийг уусгах аргаар боловсруулах үйлдвэрийг барина гэж төсөв мөнгийг гаргажээ. Эдгээр үйлдвэрт яагаад хятадын технологийг сонгох болов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна