Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын гурван гишүүнийн өргөн барьсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг агуулга нь жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд болгон хуульчилж, нийтээр тэмдэглэх тухай юм.
Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ё.Баатарбилэг гишүүн дараахь байр суурийг илэрхийллээ. Тэрээр "Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор гишүүдийн гаргасан санаачилгыг дэмжиж байна. Сайн санаачилга гэж харж байна. Гэхдээ төрийн ямар нэгэн шийдвэр гараагүй асуудал байсан бол ингэж гаргаж тавьж болно. Гэтэл Ерөнхийлөгчийн зарлигаар улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон асуудлыг заавал хуульчлах зайлшгүй шаардлага байсан уу, үгүй юү гэдэгт эргэлзэж байна. Цаашдаа энэ байдлаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг нэмээд хуульчлад байвал юу болох вэ. Одоогоор 15 тэмдэглэлт өдөр, 10-аад баярын өдөр байна. Жилийн 365 хоногийн 104-105 нь амралтын өдөр байдаг. Үүн дээр бүх нийтээрээ амардаг баярын өдрүүдийг нэхэмээр үндсэндээ жилийн нийт хоногийн бараг 40 хувь нь амралтын өдөр болчихож байна. Тэмдэглэлт өдөр гэдэг бол амралтын өдөр биш. Гэхдээ цаашид өөр тэмдэглэлт өдрүүдийг энэ маягаар хуульчлаад байх юм биш биз дээ гэсэн болгоомжлол байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна