Сингапурын бизнес эрхлэгчид Монголыг сонирхож эхэллээ


Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Сингапур Улсад cуугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Сингапурын Бизнесийн Холбоо хамтран “Монгол-Сингапурын бизнес вебинар”-ыг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь цахим худалдаа байсан бөгөөд манай улсаас үндэсний номер 1 цахим худалдааны платформ Shoppy.mn-ийн үүсгэн байгуулагч Интелмайнд групп МУ-аас сонгогдож илтгэл тавьж Монгол Улсын цахим худалдааны өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, Сингапурын бизнес эрхлэгч нар цахим худалдааг ашиглан Монголд бизнес хийх ямар боломжууд байгаа талаар мөн 2 улсын экспортын урсгалыг сайжруулах шийдэл боломжуудыг танилцууллаа.

Монгол, Сингапурын худалдаанд Монгол Улсын экспорт давамгайлдаг. 2019 онд л гэхэд манайх Сингапурт 154,6 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, тус улсаас 22,2 сая ам.долларын импорт хийснээр худалдааны тэнцэл 132 сая ам.долларын ашигтай гарч байжээ.

Энэхүү арга хэмжээний үеэр Интелмайнд группын Төсөл, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Д.Мөнхбаяр Монгол залуусын хөгжүүлсэн цахим худалдааны Cody системийг Сингапурын бизнес эрхлэгч нарт танилцуулж, манай улсаас технологийн бүтээгдэхүүний экспорт хийх талаар ярилцаж эхний шатны тохиролцоонууд хийж эхэлсэн тухай мэдэгдлээ.  Олон улс руу бүтээгдэхүүн экспорт хийнэ гэдгийг нүүрс, алт, зэс, ноолуур зэргээр ойлгодог байсан үе ард хоцорч технологид суурилсан бизнесүүд экспортод бодитоор эерэг нөлөө үзүүлж эхлэх боломж байна гэж тэд үзэж байгаа бөгөөд хоёр улс хооронд шинэ бизнесийн урсгалуудыг бий болгоход гол гүүр нь болон ажиллах чухал ач холбогдолтой байгааг онцоллоо.

Уг арга хэмжээнд 180 бизнесийн байгууллага оролцсоноос 140 нь Сингапур талаас ба үйлдвэрлэл, эрүүл мэнд, технологийн үйлчилгээ зэрэг олон төрөл салбарыг хамарснаараа онцлог давуу талтай. Оролцогч байгууллагуудын хооронд хамтран ажиллах боломжууд нээлттэй ба одоогоор оролцогч бүх байгууллагаас хамтран ажиллах сонирхолоо илэрхийлж, холбогдох хүсэлтээ явуулсан нь Монгол Улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулах өндөр сонирхолтой байгааг  илэрхийлж байна. Дэлхий дахин техник технологийн тусламжтайгаар бүс нутаг үл харгалзан бизнес, үйлчилгээгээ тэлэх боломжтой болсон өнөө үед бид ч мөн олон улсын зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах, түүнчлэн гаднаас ирж буй хамтран ажиллах саналуудыг судлан бизнесийн стратеги, төлөвлөлтөө  өөрчлөх боломжтой байгаа энэхүү арга хэмжээ мөн харууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна