Хятад улс 3-17 насны хүүхдүүдэд вакцин хийхээр болжээ


БНХАУ 3-17 насныханд Синовак үйлдвэрийн CoronaVac вакциныг яаралтай горимоор хийхээр болсон тухай тус компанийн захирал Ин Вэйдонг өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ. Аливаа вакцинд бүрэн хэмжээний зөвшөөрөл олгохын тулд 5-10 жилийн туршилт хийдэг ч өдгөө үүссэн нөхцөл байдлын улмаас урд хөрш өөрсдийн гаргаж авсан коронавирусийн эсрэг бүх вакциныг 18-аас дээш насныханд яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа билээ. 

Харин хүүхдүүдийг яг хэзээнээс эхэлж дархлаажуулах, аль насныхан түрүүлж хамрагдах талаар хараахан мэдээлээгүй байна гэж Global Times сайт мэдээллээ.

Хятад улс 3-17 насны хүүхдүүдийг хамруулсан судалгааг шат дараатайгаар хийсний үндсэн дээр ийнхүү хүүхдүүдийг вакцинд хамруулах зөвшөөрлийг олгожээ. Одоогийн байдлаар Синовак компанийн үйлдвэрлэсэн CoronaVac вакцины 600 сая тунг нийт 48 улсад яаралтай горимоор хийгээд байна.

Гэхдээ Хятадад үйлдвэрлэсэн вакцин дэлхийн даяар эрчимтэй тархаж буй коронавирусийн Делта хувилбарын эсрэг хангалттай сайн үйлчлэхгүй байна гэх шүүмжлэл сүүлийн үед эрчимжиж байна. Тухайлбал, Индонез улсад Синовак компанийн вакцинд хамрагдсан 350 гаруй эмнэлгийн ажилтан халдвар аваад байгааг CNN сайт мэдээлжээ. Жава хотын төв хэсэгт орших Кудус дүүрэг 5000 орчим эмнэлгийн ажилтантай бөгөөд хурдацтай тархаж буй Делта хувилбараас үүдэн эмнэлгийн ор 90 хувийн дүүргэлттэй байна гэжээ.

Индонез улсад коронавирусийн 1.9 сая гаруй халдвар бүртгэгдэж 53000 хүн нас барсан нь Ази тивээс цар тахлын нөхцөл байдлаараа хүндэд тооцогдож байгаа юм. Түүний дотор 946 эмч, сувилагч амь насаа алдсан байна. Жакарта хотын эмч, судлаач Прижо "Бид зөвхөн вакцинд найдах аргагүй боллоо. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сахисаар байх нь зөв юм" гэжээ. 

Эх сурвалж: CNN, Global Times



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна