УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн Асашёорюү Д.Дагвадоржийн “Аса станц” ярилцлагад орох үеэрээ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “-Эрдэмтдийн зөвлөл одоогийн нөхцөл байдал дээр тооцоолж үзээд хөл хорих нь зөв гэж үзээд зөвлөмж хүргүүлсэн. Сүүлийн үеийн тоо мэдээллээс харахад халдвар зургадугаар сарын 18-аас буурсан харагдаж байна. Бидний тооцоолж байгаагаар долоо болон наймдугаар саруудад халдварын тоо тогтвортой буураад явна. Гэхдээ хөл хорио тогтоовол халдварын тоо илүү хурдан бууна гэж тооцоолж, зөвлөмж хүргүүлсэн байгаа. Хэрвээ хөл хорихгүйгээр цааш явбал эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ачаалал долдугаар сард оргилдоо хүрч, нас баралт их бүртгэгдэх болно. Тийм учраас эмнэлгийн ачааллыг бага ч гэсэн бууруулж, арай цөөн нас баралттай байхын тулд хөл хорих хэрэгтэй.
-Бидний тооцооллоор вакцин хийлгэсэн дөрвөн хүний гурван нь дархлаатай, нэг нь дархлаатай болж чадахгүй байна. Ингээд тооцоолж үзэхэд вакцин хийлгэх насны 2 сая хүний 1.5 сая хүн нь вакцины дархлаатай болно. Сүргийн дархлаа тогтоохын тулд 3.2 сая хүний 2.24 сая нь дархлаатай болох хэрэгтэй. Одоогийн байдлаар бидэнд сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй.
-Хөл хөдөлгөөнийг хязгаарлах юм бол халдварт өртөх иргэдийн тоо багасаж, эмнэлгийн ачаалал, нас баралт буурах болно. Жишээ нь: 10 хоног хөл хорио тогтоох юм бол халдвар авах хүний тоо 20 мянган хүнээр буурах боломжтой гэсэн тооцооллыг гаргаад байна.
-Вакцины нөлөөгөөр 7, 8 дугаар сараас эхлээд халдварын тархалт буурах болно. Харин хөл хорио тогтоох юм бол халдварын тархалт илүү үр дүнтэйгээр буурч иргэд гадуур маскгүйгээр чөлөөтэй явах боломжтой." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна