УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар коронавируст халдварын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонсож байна. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Эмнэлгийн ачаалал долоодугаар сарын эхний долоо хоногт нэмэгдэхээр байна. Учир нь, эдгэрч эмнэлгээс гарч байгаа хүний тоо өдөрт илэрч байгаа тохиолдлоос цөөхөн байгаа. Өнөөдрийн байдлаар 34 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ тоо долоодугаар сарын эхэнд 40 мянгад хүрэх хандлагатай байгаа. Нас баралтын хувьд оргил үе нь долоодугаар сарын эхэн үе байхаар ажиглагдаж байна. Хоногт нас барах хүний тоо 15-д хүрч болзошгүй. Хоногт бүртгэгдэж буй тохиолдлын тоо одоогийнхоо хурдаар явбал 3500-д хүрэх магадлалтай. Ер нь дундаж нь 2500 байна гэж харж байна.
Хөл хорио тогтоовол яах вэ гэдэг судалгааг хийсэн. 16 хоног хөл хорио тогтоовол 220 мянгад хүрэх төлөвтэй байгаа халдварын тохиолдлыг 170 мянгад барих боломжтой. Вакцины үр нөлөөг мөн тооцож үзсэн. Вакциндаа бүрэн хамрагдсан дөрвөн хүн тутмын гурав нь бүрэн дархлаатай болж халдварас хамгаалагдаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна