Б.Энхбаяр: Ковидын хуулийг сунгаж төрд түр томилогдсон хүмүүсийг ажилтай нь үлдээх гэж байна


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ковид19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Б.Энхбаяр гишүүн дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр "Энэ хуулийн үйлчлэлийг сунгах гэж байгаа шалтгаан нь төрийн албанд түр томилсон хүмүүсийг ажилтай нь үлдээх. Энэ хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд төрийн албанд олон хүнийг төр томилсон. Хуулийн үйлчлэлийг сунгахгүй бол энэ хүмүүс долоодугаар сарын 1-нээс чөлөөлөгдөнө. Энэ хуулиар төрийн албан хаагчдыг яагаад шалгуургүйгээр томилж ажиллуулахаар болсон гэхээр онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагад шаардлага гарсан тохиолдолд ямар нэгэн саадгүйгээр татан авч ажиллуулах зорилгоор баталсан юм. Гэтэл үүнийг төрийн захиргааны албанд олон хүнийг түр томилоход ашигласан. Тиймээс одоо үүнийг сунгаж болохгүй. Монгол төр түр төр болж хувирлаа. Шалгалтгүй түр томилгоотой дарга нартай болсон.

Одоо Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын хөрөнгийг улсын төсөвтэй холих гэж байна. Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам гаргана гэсэн заалт оруулж ирж байна. Ингэж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хүчинтэй байхад Засгийн газар ингэж хууль тогтоож, хуулиас давсан журам гаргаж болохгүй. Засгийн газар яагаад Үндсэн хууль зөрчсөн төсөл оруулж ирээд байгаа юм бэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын суудалд чинь Монгол Улсын хуулийн бурхан сууж байгаа биз дээ. Хууль зүйн яам энэ төслийг хянаагүй юм уу." гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна