3.4 тэрбумаар тэмдэглэх “ноёдын наадам” хэдэн хүний амьтай дүйцэх вэ, С.Амарсайхан сайд аа!


Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Засгийн газар баяр наадам зохион байгуулах бүрэлдэхүүнийг баталдаг. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар ажиллаж байна.

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Үндэсний их баяр наадам зохион байгуулах зардлын төсвийг батлах тухай 02 дугаар тушаал гаргаж, 3,428,737.400 төгрөгөөр наадахаар болсон.

Ковидоос болж сүүлийн хоёр жил цахимаар наадна, цар хүрээг нь багасгана гэж лоббидсон ч иргэд бидний халааснаас гарч байгаа баяр наадмын төсөв буурсангүй. Наадам нэрийдлээр 3.4 тэрбумыг Хүй 7 долоо худагт “шороотой хутгах” нь.

Нэг талаас өв уламжлал гэх том сэдвийг хөндөж болох ч өв тээгч, өвлөн уламжлагч иргэд нь өдөрт хэд, хэдээрээ хорвоог орхиж, өдгөө 582 иргэн “нас барсан” гэх статистик болж үлдсэн нь гунигтай. Өнөөдөр л гэхэд 115 мянга гаруй монгол хүн ковид тусч, эмнэлэг, эмчгүй, эмгүй, үхэл амьдралын заагт “наадамлах” гэж байна. Энэ таны ажил үүрэгт харьяалагддаг “гамшиг” биш гэж үү, С.Амарсайхан сайд аа!

Гэтэл хүн зоноо бодсон зарим аймаг, Төрийн байгууллагууд эхнээсээ наадмын арга хэмжээг цуцалж, эмнэлэг бараадсан иргэдээ эмчлэхэд анхаарч эхэлжээ. Үүний хажуугаар ХЭҮК хурдан морины уралдааныг цуцлах санал гаргасан. Тэдний хэлснээр 25038 хүүхэд коронавирусний халдвар авч, вакцин хийлгээгүй хүүхдүүд ковидын өндөр эрсдэлд байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлыг шууд удирдаж, эмнэлэгт, иргэдэд хэрэгтэй байгаа мөнгийг баяр наадамд зарцуулж байгаа С.Амарсайхан сайд танд 500 гаруй хүний үхэл, 100 мянга гаруй тохиолдол юу бодогдуулж байна вэ?

Энэ эмгэнэлт тоо, баримт таны тэмцэх ёстой “гамшиг” болохоос тэмдэглэх ёстой “баяр” биш шүү дээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна