Гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх САНААНУУД


Үндэсний их баяр наадмын амралт тохиосон энэ өдрүүдэд гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрөөх санаануудаас хүргэж байна. Та бүхэн эдгээр аргаас туршиж үзэн гэр бүлдээ цаг зарцуулж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлээрэй.

Гэр бүл, үр хүүхэдтэйгээ өнгөрөөсөн хором бүр хожим дурсагдах нандин мөч болдгийг битгий мартаарай. Сэтгэлзүйчид хүүхдэдээ зориулж өнгөрөөсөн цаг хугацаа хэзээ ч үр ашиггүй байдаггүй гэдгийг зөвлөдөг. Ингээд өөрийн гэр бүлд тохирсон хөгжилтэй санааг хэрэгжүүлэхийг санал болгож байна.

ГЭРТЭЭ ӨНГӨРӨӨЖ БУЙ ЦАГ ХУГАЦААГАА АШИГЛАН ЭВДЭРСЭН ЭД ЗҮЙЛСЭЭ ЗАСАХ

Олон хоногийн амралтыг та өөрт болон гэр бүлийнхэндээ үр дүнтэй байлгахын тулд юу хийж болохоо төлөвлөөрэй. Танай гал тогооны цорго эвдэрсэн юм биш биз? Гэрийнхээ эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, эвдэрснийг нь хүүхдүүдтэйгээ хамт засаж, шинэчлээрэй. Хүүхдүүдэд ч маш сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна.

МАЙХАН БАРИХ

Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед та гэр бүлээрээ аялж зугаалахгүй гэж шийдсэн бол гэртээ зочны өрөөндөө эсвэл хашаандаа хүүхдүүддээ майхан барьж өгөөрэй. Танд тулгуур багана болон дээгүүр нь нөмөргөх даавуу байхад л хангалттай. Хүүхдүүд майхан барьж өгөхөд маш их баяртай байна гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн та хүүхдүүдийнхээ майханд орж хамт цагийг өнгөрөөн сайхан түүхүүд ярьж өгөөрэй.

УТСАА УНТРААХ

Гэр бүлдээ цаг зарцуулахаар шийдсэн л бол утсаа унтраа. Ажлаас тань ирж буй дуудлагад заавал хариулах, байнга утастайгаа зууралдах шаардлагагүй. Та гэр бүлийнхэндээ цаг зарцуулахаар шийдсэн л бол ажлаа түр хойш нь тавиарай.

ХАМТДАА ДАСГАЛ ХИЙХ

Гэр бүлээрээ бүгд хамтдаа дасгал хөдөлгөөн хийгээрэй. Ингэхдээ нас насандаа тохирсон дасгалуудыг цахимаас хайж олж болно. Энэ нь хөгжилтэй бөгөөд эрүүл мэндээ болон гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг дэмжих арга шүү.

НОМ УНШИХ

Хүүхдийнхээ хажууд ном уншиж хэвших нь тэдний ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт юм. Учир нь хүүхэд тань  таныг харж үлгэр дуурайл авна. Даган дуурайна. Энэ бол нөлөөллийн хүч юм. Мөн балчир хүүхдэдээ номыг тогтмол уншиж өгөөрэй. Амралтаа үр бүтээлтэй өнгөрөөх сайхан арга бол ном унших юм.

ХАМТДАА ХООЛ ХИЙЖ, ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭХ

Бүгд хоол хийж, гэрээ цэвэрлэнэ гэхээр танд залхмаар сонсогдож магадгүй. Гэхдээ эдгээр зүйлсийг гэр бүлээрээ бүгд хамтдаа хийх нь танд хөгжилтэй санагдах болно. Ингээд өдрийн төгсгөлд та хийсэн ажлынхаа үр дүнг харж, гэр бүлээрээ хөгжилтэй байж чадлаа гэж бодох болно.

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ДОТНО ЯРИЛЦАХ ЦАГ ГАРГА

Хүүхдүүдтэйгээ, ялангуяа өсвөр насны хүүхдүүддээ цаг гаргаж ярилцаарай. Тэдний дотоод ертөнцийг сонсон, чин сэтгэлийн яриа өрнүүлээрэй. Мөн ямар хүүхдүүдтэй нөхөрлөж байгаа талаар асууж, яг одоо юу хийх, ямар зүйл мөрөөдөж, ямар зорилготой байгаа талаар нь хуваалцах нь чухал.

ХАМТДАА ТӨЛӨВЛӨХ

Гэр бүлээрээ ойрын хугацаанд хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг гаргаарай. Хүүхдүүдийнхээ бодлыг сонсож тэднийг хаашаа явах, юу хийхийг хүсэж буйг сонсоорой. Тэгээд гэр бүлээрээ ойрын хугацаанд хийж болох зүйлсээ төлөвлөөрэй.

БҮТЭЭЛ УРЛАХ

Та хүүхдүүдтэйгээ гэрийнхээ ойролцоо салхилахдаа газар унасан навчсыг түүгээрэй. Ингээд та үүгээр ямар бүтээл хийж болохыг хүүхдүүдтэйгээ ярилцаад хорвоод цорын ганц бүтээлийг урлаарай. Навчсыг будаж, ямар ч хэлбэртэй зүйл хийж болно. Мөн өөр шинэ санааг сэдэж, цаасаар, баримлын шавраар гээд олон зүйлсээр шинэ зүйл хийж туршаарай.

Эх сурвалж: rediscoveredfamilies



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна