24 жилийн өмнө О.Дашбалбарын хэлсэн хатуу бөгөөд үнэн үгс


Одоогоос 24 жилийн өмнө УИХ-ын чуулганы танхимд О. Дашбалбар агсан ийнхүү хэлж байжээ. “Ямар аугаа үнэнийг хэлж байсан юм бэ” хэмээн өнөөдрийн өнцгөөс харж, дүгнэж болохоор санагдана. Чухам их найрагч, шударга улс төрч энэ эрхэм тэнгэрт дэвшиж, газарт шингэхийнхээ өмнө юуг хэлсэн юм бол?

“Монголын ардчилсан хувьсгал гээч нь өмнөхөө үгүйсгэхэд чиглэгдэж байна. Бид 70 жил бүтээхийн философоор явж 7 жил гаруй нураахын философоор явлаа. Их сүйтгэлийн 7 жил гаруй хугацаанд Монголын ард түмэн өвдгөөрөө мөлхөж явсан бол, одоо элгээрэй хэвтэх цаг туллаа. Мөн Монгол үндэстний оюун санааны нэгдмэл бодол сарниж, үе үеийн Монгол төрийн нэгдмэл бодлого алдагдаж, хэрэг дээрээ улс төрийн намууд гэх боловч, хүн ардыг үгүйрүүлэн хоосруулж, туйлдуулан ядрааж, үндэсний баялгыг хуваан завшигч, улс төр эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцэл өрнөж, тэр нь томоохон гүрнүүдэд аятайхан зууш болж эхэллээ” хэмээн хэлж байжээ.

О.Дашбалбар 1957 онд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төржээ. О.Дашбалбар нутагтаа бага дунд сургууль, Омскийн хөдөө аж ахуйн ТМС, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. О.Дашбалбар 1985 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байв.

О.Дашбалбар дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж, улмаар Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч нь болсон юм. О.Дашбалбар “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж Монголын утга зохиолд мөнхийн суварга бүтээсэн юм. О.Дашбалбарын уран бүтээлийн 5 боть ном 2004 онд хэвлэгджээ. О.Дашбалбар бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл,шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байлаа. 2007 онд “Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн. Мөн түүний “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номуудыг нь Английн монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн.
Тэрбээр Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байлаа. О.Дашбалбар Сүхбаатар аймгийн 63-р тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож, монголын парламентэд ард түмний дуу хоолойг илэрхийлж байлаа. О.Дашбалбар 1999 онд зуурдаар нас барсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна