Ч.Өнөрбаяр: Монголын наадмыг болиулдаг гаднын тусгай алба гэж юу байх вэ дээ


АН пүрэв гараг бүрд хэвлэлийн хурал зохион байгуулдаг. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр дараах мэдээллийг өглөө.

-Бид өнөөдөр хэвлэлийн хурлаа Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд хийж байна. Учир нь манай улсад эдийн засгийн эрх чөлөө, хүний чөлөөтэй зорчих болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хумьж байна. гурван баримт хэлье.

Нэгдүгээрт, УИХ-ын дарга Төв банкны дэд ерөнхийлөгчийг дуудаад үүрэг өгөв. Том мөнгөн дэвсгэрт яаралтай гаргах үүрэг өгсөн. Энэ нь иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг үгүй хийж байгаа хэрэг юм. Том мөнгөн дэвсгэрт гаргаснаар хүмүүсийн амьдрал, улс орны эдийн засаг дээрдэхгүй. Эдийн засаг туйлдаж, төгрөгийн ханш унасныг УИХ-ын дарга үндсэндээ хүлээн зөвшөөрчихлөө. Үүний оронд хорин мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс гаргах тухай ярьж байвал эдийн засаг зөв чиглэл рүү явж байна гэсэн үг. Америкчууд яагаад өнөөдрийг хүртэл 500 ам.долларын дэвсгэрт гаргаагүй вэ? Англичууд одоо ч зоосон мөнгөө хэрэглэдэг. УИХ дарга ийм чиглэл өгсөнд харамсаж байна. Нэг ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг болох нь. Алсын хараагүй байна. Улс орны эдийн засгаар ингэж тоглож болохгүй. Боомтод гүйж очих биш гаднын хөрөнгө оруулалтаа өсгөх хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, No naadam гэдэг санаачилга гаргасан иргэдийн тагнуул болон хуулийн байгууллага шалгасан, шалгаагүй гэдэг мэдээлэл тарах боллоо. Яг ийм асуудлаар хуулийн байгууллагууд өөрсдөө мэдээлэл хийдэг болох ёстой. Цагдаа, прокурор зэрэг хуулийн байгууллагууд өөрсдийн албан ёсны хэвлэлийн албаараа дамжуулаад иргэдийн дунд үүссэн зөрчилтэй асуудалд албан ёсны тайлбар өгдөг байх хэрэгтэй. Мөн иргэдийн гаргаж тавьсан мэдээллийг шалгаж мухарлаад, бодит мэдээллээр хангадаг байх ёстой гэсэн шаардлага хүргүүлнэ. Мөн УИХ нээлттэй сонсгол хийх эрхтэй. Монголын наадмыг болиулдаг гаднын тусгай алба гэж юу байх вэ дээ.

Гуравдугаарт, БШУ-ны сайд өчигдөр мэдээлэл хийх үеэрээ 185 мянган сурагч хичээлийн хоцрогдолтой байна гэж хэлсэн. Энэ хоцрогдлыг нөхөх ямар нэгэн бодитой ажил танилцуулсангүй. Энэ асуудалд салбарын яам бодитой, зоригтой алхам хийх хэрэгтэй. 185 мянган иргэний ирээдүйтэй холбоотой асуудал тул хоцрогдлыг нөхөх ёстой. Теле хичээл хэмээх хэлбэр төдий юм сурснаас хүүхдүүд хохирч болохгүй. Нэг хэсэг нь өндөр төлбөртэй сургуульд сурч байна.

Вирус долоо хоног амардаг юм уу? Хүүхдүүдийг долоо хоног танхимаар, долоо хоног цахимаар хичээллэх юм байна.” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна