Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж зарим асуудлыг хэлэлцэж ярилцлаа. Тухайлбал Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо 1 сарын хугацаанд хийсэн хамгийн том ажил бол Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж, санал бодлоо тусгаж батласан явдал гэж байлаа.
Уг хуулийг 2020 оны 07-р сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж баталсан байдаг
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан хэлэхдээ: Улаанбаатар хотын эрх зүйн тухай хууль нь нийслэл хотын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох хамгийн том баримт бичиг юм. Ингэснээр Улаанбаатар хот эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх чадамжтай, олон төвт хот болгож дагуул хотуудыг бий болгохоор зүйлчилж, татварын тусгай бүстэй болгохоор зохицуулсан. Улаанбаатар хотын иргэд, ААН-үүдийн төлсөн татвар өөрсдийнх нь ажиллаж, амьдарч буй орчныг хөгжүүлж, ирээдүйд ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд, дэлхийн бусад улсын нийслэлүүд шиг METROPOLITAN хот болгоход зарцуулагдах ёстой. Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны үйл ажиллагаа явуулах хугацааг сунгах талаар хүсэлтийг өгч байна. Түр хороо цаашид хуулийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Газрын хууль тогтоомжийн шинэчлэл гэх мэт анхаарч ажиллах олон асуудлуудыг шийднэ гэлээ.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ: “Улаанбаатар хотын өнгө аясыг тодотгосон, хуулиар зохицуулж болохгүй зүйлийг дүрмээр зохицуулах үүд хаалгыг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нээж өгсөн. Цаашид Улаанбаатар хот дүрэмтэй болно. Гаднын хот ямар байдаг тэр жишигт хүрэхийн тулд дүрмийг боловсруулах учиртай. Тиймээс нийслэлээс сонгогдсон 24 гишүүн, нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч, дүүргийн төлөөлөгч нар хамтарч, иргэдийн дунд уулзалт, санал асуулга явуулна. Дүрэм боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан” хэмээн ярилаа.
УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс
Улаанбаатар хот оршин тогтнож байгаа цагт заавал Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг тодорхойлох хороо байх ёстой. Тэр ч утгаараа УИХ-ын даргын хувьд 100 хувь дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Түр хорооны бүрэлдэхүүний хувьд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ахладаг бөгөөд Нийслэлээс сонгогдсон гишүүд болон Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт нар багтдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна