УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдаж, зөвхөн нийслэл Улаанбаатар хот гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүд ч нэгдсэн. Улмаар Улаанбаатар хотын асуудлыг том зургаар нь харж, шийдвэрлэх гээд Түр хороо байгуулагдсанаар олон давуу тал бий болж байгаа юм.Тэгвэл тус Түр хороо хуралдлаа.
Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: -УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдсанаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийн шинэчилсэн найруулгад гишүүдийн саналыг тусгаж, батлах үйл ажиллагааг дэмжихэд онцгойлон анхаарч ажилласан. Хуульд нийслэл Улаанбаатар хотын статус буюу бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотоос ялгагдах тусгайлсан чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтын талаар заасан. Хот эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг бүрдүүлэхийн тулд хуулиар олгосон чиг үүргээс нь хамааруулан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг болголоо. Мөн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, нийслэл хотын хөгжлийн сан бий болгох, үнэт цаас, концесс, бонд гаргах зэргээр төсвийн орлогоо бүрдүүлэх олон талт эх үүсвэртэй байх, төсвийн орлогыг бие даан захиран зарцуулах зохицуулалтуудыг тусгасан. Түүнчлэн Улаанбаатар хотыг олон төвт хот болгох, хүн амын болон дэд бүтцийн хэт төвлөрлийг сааруулах, амьдрах орчныг сайжруулах зорилгоор нийслэл хот дагуул хоттой байх, эдийн засгийн тусгай бүстэй болохоор зүйлчилсэн байгаа.
Улаанбаатар хотын Захирагчийн чиг үүргийг төрийн чиг үүргээс буюу Нийслэлийн Засаг даргын чиг үүргээс ялгаатай байдлаар тодорхойлсон. Нийслэлийн Засаг дарга нь хоттой холбоотой асуудлаар Засгийн газарт санал тавих, Засгийн газрын хуралдаанд оролцох байр сууриа илэрхийлэх, хууль санаачлахаас бусад өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төсөл санаачлах, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй шууд харилцах онцлог бүхий зохицуулалтыг хуульд оруулсан. Энэ нь манай нийт хүн амын 50 орчим хувь нь оршин амьдарч буй нийслэл хотын асуудлыг шууд шийдвэрлэх чухал ач холбогдолтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна