Тэрбээр иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа аюулгүй байдал хангаж байгаа цэргүүдэд аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэл учруулж байна гэж дүгнэсэн байна. Ингэснээр 8 дугаар сарын 31-н буюу ирэх 7 хоногийн мягмар гарагт Америкийн цэрэг Афганистанаас бүрэн гарч, иргэд, дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх ажил зогсоно гэсэн үг юм.
АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь нүүлгэн шилжүүлэх ажиллагааг сунгахаар дотооддоо болон олон улстай ярилцаж байгаагаа мэдэгдэж байсан. Мөн Америкийн улс төрчид ч цэрэг гаргах хугацааг сунгах, Талибантай нисэх буудлын орон зайг өргөтгөж ашиглах талаар хэлэлцээ хийхийг Байденд уриалж байсан юм. Гэвч уржигдар “Их долоо”-ийн бүлгийн цахим уулзалтаар АНУ эцсийн шийдэлд хүрч, цэрэг гаргах хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэснээ зарлалаа.
“Их долоо”-ийн бүлгийн цахим уулзалтанд Америк, Канад, Британи, Франц, Герман, Итали, Японы удирдагчид оролцсон. Британи, Францын хувьд цэрэг гаргах хугацааг сунгахыг Америкт уриалж байсан. Хэрвээ Америкийн цэрэг Афганаас гарч дуусвал холбоотны цэргүүд ч гарахаас аргагүй болох юм. “Их долоо”-ийн бүлгийн уулзалтын өмнө Афганистаныг хяналтандаа авсан Талибан хөдөлгөөн ч цэрэг гаргах ажиллагааг 8 дугаар сарын 31-нээс хойш сунгахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Хэрвээ сунгавал аюултай үр дагаварт хүрнэ гэж анхааруулсан юм. Одоогоор Кабулын нисэх буудалд АНУ-ын 6000 гаруй цэрэг байрлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангаж байна.
Цагаан ордны тэргүүн цэргээ гаргах ажиллагааг яг товлосон цагт нь дуусгахыг Пентагон болон төрийн департаментдаа үүрэг болгожээ. Пентагон ирэх мягмар гараг гэхэд Афган дахь бүх иргэнээ татаж амжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Америк болон холбоотны дэмжлэгээр Афганистанаас дүрвэж байгаа болон дайны үед холбоотны талд ажилласан Афган иргэдийг цаашид хаана суурьшуулах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэдний аюулгүй байдлыг хангах, эрүүл аж төрөх гээд бүх талын дэмжлэг үзүүлэхэд Америк холбоотнуудтайгаа ойр хамтран ажиллаж байгаа юм байна. Америк Талибан Кабулыг эзэлснээс хойш буюу 8 дугаар сарын 14-нөөс хойш Афганаас нийт 70 гаруй мянган хүнийг гаргасан байна. Сүүлийн 24 цагт гэхэд Кабулаас өөрийн иргэд болон Афганы дүрвэгч нийлсэн 21,600 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Энэ нь Америк нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хурдасгасныг илтгэж байна. Мөн сүүлийн 24 цагт бусад улс орнууд Афганаас нийтдээ 8900 гаруй хүнийг нүүлгэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна