Өнөөдөр /2021.10.01/-ний өдөр төрийн ордонд Шадар сайд С.Амарсайханаас дараах зүйлсийг тодрууллаа
Иргэдийг гэрээр эмчлүүлэхгүйгээр эмнэлэгт хэвтүүлж эмчилж болохгүй юу?
Бид цар тахлын эсрэг нэгдсэн нэг бодлоготойгоор тэмцэж байна. Засгийн газар, Нийслэл, аймаг, дүүрэг, орон нутаг гээд бүгд л нэгдсэн нэг бодлого зорилготой байна. Бүх салбарынхан ачаалалтай ажиллаж байгаа. Ялангуяа Эрүүл мэндийн салбарынхан маш өндөр ачаалалтай ажиллаж байна. Яг одоо 20 гаруй мянган иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нэг эмчид 60-100 хүн ноогдож байна. Энэ бол эмч, эмнэлгийн салбар хүний нөөцийн асуудалтай байна гэсэн үг. Засгийн газраас мянга мянган ор дэлгэх боломжтой хэдий ч хүний нөөцийн асуудалтай учраас бүх иргэдийг эмнэлэгт эмчилж чадахгүй байгаа юм.
Яг одоо Төрийн ордны гадаа "Одоо боллоо" уриатай жагсаалыг Ардчилсан намаас зохион байгуулаад хийж байна. Уг жагсаалын гол агуулга нь та болон холбогдох Засгийн газрын гишүүдийг цар тахлын үед маш муу ажилласан гэх шалтгаан байгаа. Та шадар сайдын хувьд өөрийгөө сайн ажиллаж байгаа гэж бодож байна уу? Муу гэж бодож байна уу?
Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Дархлаажуулалт, ор дэлгэлт, Олон улсад юу хийж байгаа тэр бүгдийг л хийж байна. Харамсалтай нь халдварын тархалт нэмэгдэж, хүний амь эрсдэж байгаа. Үүнд бид бүх нөөц боломжоо ашиглаад ажиллаж байгаа.
Эмнэлгүүд хүнд өвчтэй хүнийг авах биш хөнгөн өвчтэй хүнийг эмнэлэгт авч хурдан эмчилж эдгэрсэн хүний зөвхөн тоо нь дээр анхаарч ажиллаад байгаа юм биш үү? Яг чанар дээрээ анхаарах хэрэгтэй биз дээ?
Бид нэг ч гэсэн иргэнийг эрүүл саруул болгохын тулд ажиллаж байна. Үүнд анхаарах асуудал бий. Тэр нь яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг хүргэхэд зохицуулалт хийх. Мөн Эрүүл мэндийн салбарын уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, үүнийгээ дагаад алдаа дутагдлуудаа засч залруулаад явах ёстой.
Нас баралт их нэмэгдэж байгаа. Үүнд тайлбар хэлээч
Харамсалтай байна. Алтан гарт, цагаан нөмрөгт баатрууд маань өдөр бүр иргэдийн амь насыг аврахын төлөө зүтгэж байна. Харамсалтай нь хүн бүрийг бид аварч чадахгүй байх тохиолдол гарч байна. Ялангуяа ханиад томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан Коронавирус томуутай хавсарч тусах шинж тэмдэг илэрч байна. Бид үүнийг засч залруулахын тулд эмнэл зүйн орчныг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг өрхийн эмнэлгээр дамжуулж хурдан шуурхай хүргэхээр төлөвлөөд ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна