“Pandora Papers”: Ерөнхий сайд асан С.Батболдын нэрийг зарлалаа


Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас  /ICIJ/ дэлхийн улс орнуудын нэр бүхий удирдагчид, улстөрчид, нэр алдартай хүмүүсийн оффшор дансны мэдээллийг агуулсан ээлжит баримт бичиг болох “Pandora Papers”-ыг зарлаад байна.

Таван жилийн өмнө “Panama Papers” баримт бичгийг дэлхий даяар зарлаж байсан ICIJ энэ удаа 11.9 сая баримт, 2.94 терабайт мэдээлэл бүхий оффшоруудыг илчилсэн ээлжит баримт бичгээ ил болгож байна.

2021 оны аравдугаар сарын 3-ны өдөр зарласан “Pandora Papers” баримт бичигт  дэлхийн 14 улсын төрийн тэргүүн, 21 улсын хуучин төрийн тэргүүн, 100 орны 400 өндөр албан тушаалтан, 130 гаруй тэрбумтны оффшор данстай холбоотой мэдээлэл ил болсны  дотор Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд багтжээ.

Тэрбээр өмнө нь буюу 2016 онд “Panama Papers”-т, Багамийн арлууд дахь оффшорын мэдээлэлд мөн нэр холбогдож байсныг сануулъя.

Энэ удаад ICIJ-ийн мэдээлэлд түүнийг улстөрч болохоосоо өмнө уул уурхайн салбараар хөрөнгөжсөн болохыг эхэнд нь онцолжээ.

2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан тэрбээр Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө Засгийн газарт сайдын алба хашиж байсан.

Уул уурхайтай холбоотой  олон зуун сая ам.долларын асуудлаар Сүхбаатарын Батболдод холбогдох хэргийн зарга Монгол Улс, Их Британи, Сингапур, АНУ-д үүссэн хэмээн мэдээлэлд бичжээ.

Сүхбаатарын Батболд өөртэй нь холбоотой мэдээллийг эрс үгүйсгэдэг бөгөөд аль ч шүүхээр нотлогдоогүй гэсэн байр суурь илэрхийлдэг гэдгийг мөн баримт, мэдээлэлд дурьджээ. 

Мөн Сүхбаатарын Батболд нь 2006 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Үйлдвэр, Худалдааны сайд байхдаа “Quantum Lake” итгэмжлэгдсэн компанийг Английн сувгийн бүс дэх татварын диваажин болох Гернси аралд байгуулсан.  Тус компани нь 2005 онд С.Батболд  анхны хувьцаа эзэмшигч нь болсон Британийн Виржиниа арлуудын “Premier Edge Ltd” халхавч компанийг эзэмшдэг гэж мэдээллээ.

“Premier Edge Ltd” нь 2006 онд Лондонд тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг 8.8 сая гаруй ам.доллараар худалдаж авсан байдаг аж.

Сүхбаатарын Батболдын төлөөлөгч ICIJ-гийн асуултад хариулахдаа “Экс Ерөнхий сайд  хууль ёсны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авч, зарж борлуулж, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдсөн” гэсэн хариултыг өгсөн хэмээн мэдээлэлд дурджээ.

Эх сурвалж: zindaa.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна