“The Wasabies” хамтлаг Олон улсын дауны холбооны сүлд дууг бүтээх санал гаргажээ

Админ
2021/10/12

“The Wasabies” охидын хамтлаг Олон улсын дауны холбооны сүлд дууг бүтээх саналыг Ази, Номхон далайн бүсийн дауны холбооны тайлангийн хурлын үеэр танилцуулжээ. Энэхүү саналыг холбооны удирдлагууд ихээхэн дэмжиж, Удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэхээр болсон байна.

Энэ талаар Монголын дауны холбооны Ерөнхийлөгч В.Ганзориг фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрбээр “Ази, номхон далайн бүсийн дауны холбооны жилийн тайлангийн хурал онлайнаар болж, Австрали, Шинэ Зеландаас авахуулаад Япон, Сингапур, Арабын нэгдсэн Эмират зэрэг 20 гаруй улсын төлөөлөл оролцлоо. The Wasabies хамтлаг энэ олон улсын холбооны сүлд дууг бүтээн уран бүтээл хийх санал гаргасныг танилцуулахад ихэд дэмжигдэн удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцэхээр боллоо. Дэмжигдээд батлагдаад цаашаа явчихбал зөвхөн бидний төдийгүй Монгол Улсын хувьд маш алхам болох юм даа” хэмээсэн байна.

“The Wasabies” охидын хамтлаг нь байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч монголдоо төдийгүй Азидаа нэр хүндийн эзэд болоод буй. Саяхан хамтлагийн бүрэлдэхүүнд шинэчлэл хийгдсэн ч шинэ уран бүтээлүүдээрээ үзэгч фэнүүдээ байлдан дагуулж байгаа билээ.

Дашрамд сонирхуулахад, Дауны синдром нь 21 дэх хромсом нь хос биш 3 бол хуваагдсан санамсаргүй гажуудал юм. Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Дауны Синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бөгөөд оюун ухааны хувьд 8-9 настай хүүхэдтэй адил байдаг. Мөн дауны синдромтой хүмүүс зөвхөн эерэг зүйл бодож, бусдад муу санаж чаддагүй нь тэдний хайрламаар чанар билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна