Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-аас явуулж байгаа дайсагнасан бодлогийн эсрэг "ялагдашгүй арми" байгуулна гэж мэдэгдээд байна. Умард Солонгос “Стратегийн шинэ зэвсгүүдийг” бүтээн туршиж байгаа нь нь дайн эхлүүлэх бус “Улсаа хамгаалах зорилготой” гэж тус улсын төв цахилгаан агентлаг мэдээлсэн юм.
Даваа гарагт Умард Солонгосын Хөдөлмөрчдийн намын 76 жилийн ой болж өнгөрсөн. Умар Солонгосын Хөдөлмөрчдийн намын ойн баяр Пхеньян хотноо ямар ч цэргийн парадгүйгээр нам гүмхэн болсон юм. Харин намын ойн баярын онцлох үйл явдал нь тус улсын ховор зэвсгийн үзэсгэлэн "Өөрийгөө хамгаалах-2021" нэрийн доор нээгдсэн байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ховор зэвсгийн үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ "Бид зэвсэг үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа нь аль нэг улсыг өдөөн хатгаж байгаа үйлдэл бус, өөрсдийгөө хамгаалах чадвараа бэхжүүлж байгаа явдал юм. Үүнийгээ цаашид ч бэхжүүлсээр ч байх болно. Энэ бол төр оршин тогтнохын үндэс, хөгжлийн баталгаа юм” гэж онцолжээ.
Мөн Ким Жон Уны хувьд үзэсгэлэнг нээх үеэрээ “Хязгааргүй баяр бахдал” мэдэрч байгаагаа онцолсон байна. Тус үзэсгэлэн нь улс орныхоо батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, тэр дундаа эрдэмтэн, зэвсэг бүтээгч мэргэжилтнүүд, ажилчин ангийг дэмжих, мөн ард түмэндээ урам зориг, итгэлийг бий болгох зорилготой гэж Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ.
Харин Ким Жон Уны нээж үг хэлсэн ховор зэвсгийн үзэсгэлэнгийн тухай BBC агентлагийн сэтгүүлч Лаура Бикер "Ким Жон Ун зөвхөн батлан хамгаалах салбарынхаа талаар хий ярьсангүй. Харин бүгдэд нь харууллаа. Түүний хувьд Засгийн эрхэнд гарснаас хойш олон нийтэд дэлгэн харуулсан хамгийн хүчирхэг зэвсгүүд энд байна. Энэхүү ховор зэвсгийн үзэсгэлэн нь бүхэл бүтэн цэргийн парадтай энэ тэнцэнэ" гэжээ.
Харин Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Хөдөлмөрчдийн намын баярын хурлын үеэр гишүүддээ хандан үг хэлэхдээ "хүнд үеийг” хамтдаа даван туулж, ард түмнийхээ хоол хүнс, амьдрах чанарыг сайжруулахын тулд илүү их хүчин чармайлт гаргахыг уриаллаа.
Мөн өнгөрсөн нэгдүгээр сард болсон намын их хурлын үеэр тавьсан эдийн засгийн зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцэж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм. Түүний хувьд өмнөх 5 жилийн эдийн засгийн төлөвлөгөөгөө амжилтад хүрээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, дараагийн 5 жилийн төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Үүнд "Үндэсний эдийн засгийг сайжруулах, ард түмний хоол хүнс, орон сууцны асуудлыг шийдвэрлэх" зэрэг хөтөлбөрүүд багтсан байна.
Ким Жон Уны хувьд Засгийн эрхэнд гарснаасаа хойш хамгийн хүнд хэцүү мөчтэй тулгараад байгааг шинжээчид онцолсон юм. Тус улсын нэн тэргүүнд шийдэх асуудал нь хүнсний хямрал болж байгааг олон улсын агентлагууд мэдээлсээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна