Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын босгыг виз авах босго гэж андуурч болохгүй


УИХ-ын намрын чуулганы эхний хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.

Уг хуулийн төсөлд ноцтой нэг агуулга буй нь, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд байнга оршин суух тухай заалт юм. Тодруулбал, хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг 50 мянган ам.доллар байхаар тусгасан байна.

Тус хуулийн төслийг Х.Ганхуяг, Д.Өнөрболор, Х.Булгантуяа, П.Анужин  нарын гишүүд санаачлан боловсруулж, УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Гэвч Д.Өнөрболор, П.Анужин нар хуулийн төслийг боловсруулах явцад оролцоог нь хангаагүй, тэдний дэмжээгүй заалтуудыг төсөлд оруулсан гэх шалтгаанаар хуулийн төслийг буцаан татахыг хүссэн.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Өнгөрсөн долоо хоногт  Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой маш олон ташаа мэдээлэл цацагдлаа. Тиймээс агуулга, ач холбогдлынх нь талаар мэдээлэл өгье.

Хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурч байгаа нь үл ойлголцол үүсгэж байна. Энэ хуулийн заалт нь Монгол Улсад бизнес хөрөнгө оруулалт хийх компаниудад үүд хаалгыг нээж өгөхийг зорьсон. Манай улс экспорт, хөрөнгө оруулалт, зээл гэсэн гурван хүчин зүйлээс эдийн засгаа бүрдүүлдэг. Түүхий эдийн үнэ өссөн ч экспортоос ашиг хүртэж чадахгүй байна. Босготой холбоотойгоор хөрөнгө оруулалт мөн байхгүй болсон. Энэ босго нь зөвхөн гадаадын иргэдэд бус монголчуудад ч ашигтай. Гаднын компанийнхантай хамтарч ажиллах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, гадаад, монгол иргэд хамтарсан компани байгуулах боломж бүрдүүлнэ гэсэн үг. Тиймээс энэ босгыг зайлшгүй бууруулах нөхцөл байдал үүссэн. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө энэ хуулийн төслийг өргөн барьсан.

Түүнчлэн тавдугаар сарын 26-нд МҮХАҮТ-д хуулийн төслөө танилцуулсан. Тэр үед УИХ-ын дарга, байнгын хорооны дарга нар байсан. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрөө ч байсан. Ингээд зургадугаар сард өргөн барьсан.

Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүн аль ч шатанд хуулийн төслийг буцаан татах эрхтэй байдаг. Тэр эрхээ л эдэлж байгаа байх. Хуулийн төсөлд үг хассан, нэмсэн тухай асуудал яригдсан. Цэг, таслалын ч ялгаа байхгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Бид энэ хуультай холбоотой мэдээллийг төдийлөн сайн өгч чадсангүй гэж дүгнэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад 500 мянган ам.доллар, 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч байнгын оршин суух эрх үүсдэггүй. Монгол Улсад виз мэдүүлэхэд өгөхгүй байх эрхтэй. Яагаад гэдэгт тайлбарт өгөх шаардлагагүй. Үүнийг Гадаадын иргэн харьяат эрх зүйн байдлын тухай хуулиар визний асуудлыг Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн харьяатын газар зохицуулдаг. Виз авлаа гэхэд Монгол Улсын хил дээр буцаах эрхтэй. Үүнд тайлбар өгөх ч шаардлагагүй.

Хуулийн дагуу өнөөдөр Монгол Улсад дипломат байгууллагаас өөр харилцаатайгаар байнгын оршин сууж буй нийт иргэдийн тоо нь хүн амын гурван хувиас хэтрэхгүй. Мөн хуульд тусгасан заалтаар, хэдий таны гадаадын хөрөнгө оруулалт хэчнээн их байсан ч Үндэсний хөгжлийн газраас нотлох баримт бичгээ авч, Гадаадын иргэн харьяатын газарт байнгын оршин суугч иргэн болох эрхээр хандана. Холбогдох хуулийн дагуу Гадаадын иргэн харьяатын эрх зүйн байдлын тухай хуулиар Гадаадын иргэн харьяатын газар байнгын оршин суух эрхээ өгөх үү үгүй юу гэдгийг өөрсдөө шийднэ. Хөрөнгө оруулалтын тухай хууль бол Гадаадын иргэн харьяатын тухай хуулиас давсан байж болохгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна