ТОЙМ: АН-ынхан шат шатандаа “самарч” байна


Ардчилсан намын “уналт” ёроолдоо хүрээгүй бололтой

АН-д олонх болж төрийн эрх барьж явсан цаг хугацаа бий ч сөрөг хүчин болсон цаг хугацаа нь арай их. Гэхдээ энэ удаагийн улс төрийн сонгуульт хугацаанаас өмнө сөрж чаддаг сөрөг хүчин байлаа. АН-д үзэл баримтлал, чиг шугамаа дагадаг улс төр хийж чаддаг лидерүүдтэй байсан цаг хугацаа бий. Гэвч одоо шат шатандаа намын гишүүд “самарч” байна.

Намын дарга нь хэн гэдэг нь тодорхойгүй явсаар хоёр жилийн нүүр үзэх нь. Саяхан болж өнгөрсөн нөхөн сонгуулийн өмнө Э.Бат-Үүл баатарын тэмдгээ намдаа өгч, С.Зоригийн хөшөөний урд нэгдлээ зарлан гишүүд дэмжигчдийнхээ магнайг нэг тэнийлгэсэн ч энэ нь хэдхэн хоногийн хугацаатай жүжиг байжээ. Тэд дахиад л нам доторх эрх мэдлээ булаацалдаж эхлэв. 

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат гишүүн сонгогдсон нь үнэхээр аргаа барсан хувилбар байлаа. Түүнийг УИХ-д олон удаа сонгогдсон гэдгээр нь энэхүү албан тушаалд томилсон байж болох. Гэвч тэрбээр дан өөрийн хүчээр ялалт байгуулсан уу гэвэл эргэлзээтэй. Бурхангүй газрын бумба гэгчээр ШШГЕГ-ын харьяа хаалттай 461 дүгээр хорих ангид очиж иргэн Монголхүү, Одбаяр нарыг эрүүдэн шүүж байгаа эсэхийг шалгах нэрээр төрийн албан хаагчдад “хуурай агсам” тавьж дөвчигнөж эхлээд УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намаасаа хөөж, гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар намыг УИХ дахь АН-ын бүлгээсээ хөөж байна гэх мэдэгдэл хийж самуурсан. АН-ын харьяалалтай УИХ-ын дарга асан З.Энхболд түүний энэхүү үйлдлийг “40-ийн бидон хэлэв” хэмээн жиргэж, чимхээд авсан.

Энэхүү үйлдэлд гишүүн Ц.Туваан “Манай намын дарга бол О.Цогтгэрэл” хэмээн мэдэгдэл хийсэн ч АН-ын өмнөх дарга гэгдэж буй С.Эрдэнэ хариу барьж “Өнөөдрийг хүртэл би ганцаараа АН-ын хууль ёсны дарга хэвээрээ байгаа” хэмээсэн төдийгүй Б.Байсен, Ж.Батсуурь нарыг намаасаа хөөнө гэх мэдэгдэл хийгээд амжив.

Ийнхүү АН-ын дээдүүл суудлаа олохгүй дөвчигнөж байхад доодох нь суудлаа олохгүй “самарч” явна.

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын IV чуулган өчигдөр болов. Чуулганаар таван чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байлаа. Тухайлбал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороодыг байгуулж, үйл ажиллагааны журмыг боловсруулах, дүүргийн хороодын бүтэц зохион байгуулалтыг хэлэлцэх, дүүргийн ирэх оны төсвийг хэлэлцэх зэрэг асуудал байсан.

Гэвч бүтэн өдрийн хурлыг АН-ын төлөөлөгчид самарч орхих нь тэр. Төлөөлөгчдийг толгойлж Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа “дүргүй бух” шиг дайрч хурлаар хэлэлцэж буй асуудлуудыг самрах гэж оролдов. Тэрбээр нийслэлийн сонгуульд АН-аа толгойлон оролцоод ялагдалд хүргэсэн. Нэгэн цагт дүүргийн Засаг дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, Нийслэлийн намын хорооны дарга зэрэг томоохон албан тушаалыг хашиж байсан түүнд одоо дүүргийн төлөөлөгчөөс өөр сонгуульт ажил үлдээгүй билээ. Тиймээс энэхүү ажлаа голсон уу, сонгогчдоо үл тоосон уу, өндрөөс унасан уур нь одоо ч гараагүйдээ юу ямартаа ч хэлэлцэх асуудлаа ойлгохгүй зүтгэж байгааг сонгогчид харж, халаглав.

Тухайлбал, хурлын хороод байгуулах асуудлыг бүтэн нэг жил ярьсангүй, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар оруулж ирсэн нь хууль бус зүйл хэмээн ярьж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярыг ажлаа хийж чадахгүй байна гэх зэргээр хэлж зохисгүй авир гаргав. Хэдийгээр АН-ынхан хурлыг дүрэм журмын дагуу явуулахгүй байх оролдлого удаа дараа хийсэн ч Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан нар холбогдох хуулийн заалт, журмыг нь дор дор нь сануулж, дэг журмын дагуу хурлаа явуулсан.

Гэвч үүнийг АН-ын төлөөлөгч нар “МАН-ын комунист хурал явууллаа” хэмээн цоллосон юм. Хурлын шууд дамжуулалт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж, төлөөлөгч нарыг нам харгалзахгүй үгээ хэлэх эрхээр хангаж харин ч дотоод ардчилалтай хурал болсныг иргэд сонгогчид харж, сэтгэгдлээр илэрхийлж байлаа.

Хурлын дундуур төлөөлөгч Д.Пүрэвдаваа иргэд сонгогчдоо төлөөлөх эрхээ уландаа гишгэн гарч одов. Харин ард нь үлдсэн бүлгийнхэн завсарлага авснаар нэгдсэн хуралдаан даваа гарагийн 11 цаг хүртэл хойшилсон.

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өмнө нь таван хурлын хороодтой байсныг өөрчлөн:

  • Төсөв санхүү, эдийн засгийн хороо
  • Дэд бүтэц, амьдрах орчин хөгжлийн хороо
  • Нийгмийн бодлого, ногоон хөгжлийн хороо
  • Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хороо гэсэн дөрвөн хороог байгуулж, төлөөлөгч нарыг хуваарилан дарга нарыг нь сонголоо.

Ийнхүү хороод хуралдаж ирэх даваа гарагт нэгдсэн хуралдаанд хэлэлцэх асуудлуудыг оруулах талаар хэлэлцсэн юм. Гэвч АН-ын төлөөлөгч нар хурлын процессыг хууль бус хэмээн дүгнэж, Захиргааны хэргийн шүүхэд хандана гэдгээ илэрхийлснээр тэд хийх ажлаа дуусав бололтой гарч одсон. Харин хурлын хороод хуралдаж дүүргийн хороо хуваагдах, ирэх оны төсвийн талаар хэлэлцэж байхад тэд цахимаар хуралд оролцож буй нэрээр таг чиг болсон нь гайхшрал түрүүлж байв...

Цар тахлын үед хүний бөөгнөрлийг хориглосон. Үүнтэй холбоотойгоор олон үйл явдал цаг хугацаандаа болохгүй байгаа. Гэвч боломж нөхцөл нь таараад зохион байгуулагдаж буй шийдвэр гаргах шатны хариуцлагатай хурал, чуулганы үеэр улс төр хийх нь одоо тохиромжгүй гэдгийг АН-ынхан ухаармаар...

АН-ын лидерүүдийн нэг Д.Баттулга нэгэн хэвлэлд “...Намын даргын хувьд залуу, эрч хүчтэй хүн байгаасай гэж би бодож байна. Бусдыгаа манлайлаад, уриалаад дагуулаад явчихдаг, эрч хүчтэй. Ийм хүн Ардчилсан намд олон бий. Тэр залуучууд одоо өөрсдийгөө илэрхийлээд хурдан гарч ирээсэй гэж хүсч байна. Үндэсний хэмжээний нам нь үндэсний хэмжээний агуулгаа алдаагүй Ардчилсан нам нь лидерээ хүлээгээд байж байна. Нэг их хугацаа шаардагдах асуудал биш” гэж хэлсэн байсан. Түүний хэлсэн шиг дороос зөв зүйл яриад гараад ирэх залуу улс төрч одоогоор аль ч шатанд байхгүй байна. Аливаа зүйл ёроолдоо хүртэл унаж байж эргэж сэргэдэг гэдэг. Тэгвэл АН-ын уналт эцсийн цэгээ үзэх болоогүй бололтой...

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна