БНХАУ Олимп угтан цар тахлын халдвараас сэргийлэх хяналтаа чангатгаж эхэлжээ

Өчигдөр 14 цаг 31 минут

 БНХАУ ирэх жил анхны өвлийн олимпоо хүлээн авах гэж байна. 2008 оны зуны олимпын наадмыг зохион байгуулж байсан Бээжин өвлийн олимп хүлээн авснаар түүхэнд өвөл, зуны олимпыг зохион байгуулсан анхны хот болох юм. Иймээс “Бээжингийн олимп” зохион байгуулах хороо коронавирусний халдварын тархалтыг зогсоох нь олимпыг амжилттай зохион байгуулах гол түлхүүр гэж үзэж, цар тахлыг яаралтай дарах бодлого хэрэгжүүлж байна.

Өвлийн олимпын наадам Хятадын нийслэл Бээжин болон Хебей мужийн Жанжякү буюу Хаалган хотод ирэх 2022 оны 2 дугаар сарын 4-нөөс 20-ны хооронд болох юм. Үүний хүрээнд олимп болох цэнгэлдэх хүрээлэнгүүдэд эхэлсэн туршилтын үйл ажиллагааны үеэр урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх замаар цэнгэлдэхэд хөгжөөн дэмжигчдийг оруулах боломжтой эсэхийг судалж байна. Гэхдээ зөвхөн эх газрын оршин суугчид л олимпыг цэнгэлдэх хүрээлэнгээс үзэхийг зөвшөөрөх юм байна. Туршилтын үйл ажиллагаанд оролцогчдоос халдвар илрээгүй байна. Олимпод оролцогчид ялангуяа гадны тамирчид энэхүү урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг таатай хүлээн авчээ. ,

Цар тахлын улмаас олимп хийх нь дэлхий дахинд нэн чухал байна гэж БНХАУ-ын Төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлжээ. 10 дугаар сарын дунд үеэс эхлэн Бээжин болон зарим хотод коронавирусний дельта хувилбар тархсан бололтой гэж Олон улсын хэвлэлүүд мэдээлээд байна. БНХАУ-ын нийслэл Бээжинд даваа гарагт халдварын 3 тохиолдол илэрсэн нь сүүлийн 70 хоногт анхны тохиолдол болж байна. Мягмар гарагийн байдлаар тус улсад дотоодод халдварласан 29 шинэ тохиолдол бүртгэгджээ. Иймд хотын эрх баригчид шинээр халдвар илэрсэн дүүргүүд рүү орж, гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаа орнууд хязгаарлалтаа сулруулж байгаа боловч Хятад улс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах замаар халдварыг бүрэн зогсоох бодлого барьж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна