Хүнс, эмийн удирдах газар нь эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийг шууд дагах үүрэггүй боловч ихэнх тохиолдолд зөвлөмжийг нь дагасан шийдвэр гаргадаг. Иймээс хүүхдэд зориулсан вакцин ирэх 7 хоногт зөвшөөрлөө авах болов уу гэсэн хүлээлттэй байна.
Тус зөвлөл 11 хүртэлх насны хүүхдийг вакцинд хамруулахын ашиг тус нь эрсдэлээсээ өндөр байна гэсэн дүгнэлтийг санал нэгтэйгээр дэмжсэн байна. Хүнс, эмийн удирдах газар эрдэмтдийн зөвлөмжийг хүлээн авч уг вакцинд зөвшөөрөл өгвөл дараа нь АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв 11 дүгээр сарын эхээр 5-11 насны хүүхдэд “Пфайзер” вакциныг хийж эхлэх эсэх эцсийн шийдвэрээ гаргах юм байна. “Пфайзер” компанийн мэдээлснээр 5-11 насны 2200 хүүхдийг оролцуулсан вакцины эмнэлзүйн туршилтаар уг вакцин 90.7 хувийн үр дүнтэй гарчээ. Вакцины хоёр дахь тунг хийснээс 7 хоногийн дараа вакцины үр нөлөө буюу халдвараас сэргийлэх хувь 90.7 гарчээ. Америкийн Хүнс, эмийн удирдах газар нас насны хүмүүст илэрч байгаа хэд хэдэн шинж тэмдэгт хийсэн судалгаандаа үндэслэн “Ковид-19” цар тахлын халдвар авч эмнэлэгт хэвтэх эрсдэл вакцин хийлгэсний дараа гарах сөрөг үр дагавраас өндөр байгааг мэдэгджээ.
Хүүхдүүд өндөр настай иргэдийг бодвол “Ковид-19” цар тахлын халдвар авсан ч хүндрэх эрсдэл бага боловч 5-11 насны хүүхдүүд халдвар авсаар байна. Өчигдрийн байдлаар АНУ-д 8300 гаруй хүүхэд халдвар авч эмнэлэгт эмчлүүлж байгаагаас гуравны нэг нь эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бол цар тахлын халдварын улмаас 100 орчим хүүхэд нас баржээ. 5-11 насны хүүхдэд зориулсан “Пфайзер” вакцины тун нь 12 ба түүнээс дээш насны хүнд хийж байгаа тунгийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний буюу маш бага юм байна.
Сонирхуулахад, АНУ-ын “Модерна” компани бага насны хүүхдэд зориулсан вакцин гарган авч, эмнэлзүйн туршилт хийж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна