Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захирал Дэвид Бисли хэт чинээлэг хүмүүс хөрөнгийнхөө багахан хэсгээр өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст тусалж чадна хэмээн мэдэгдлээ. Мөн тэрбээр дэлхийн баячуудыг жагсаалтыг тэргүүлж байгаа Жефф Безос, Илон Маск нарыг ийм алхам хийхийг уриаллаа.
Тодруулбал, CNN телевизийн "Дэлхийг холбоно" нэвтрүүлэгт НҮБ-ын байгууллагын хүнс хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бесли оролцсон байна. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр, "Дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн 42 сая орчим хүн байна. Тэнд туслахын тулд 6 тэрбум доллар шаардлагатай. Тухайлбал, Афганистаны хүн амын тал хувь нь буюу 22.8 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн байгаа" хэмээн онцолжээ.
Эдгээр иргэдийн 3.2 сая нь таваас доош насны хүүхэд байгаа юм. Дэвид Беслигийн үзэж байгаагаар энэ мөнгийг шийдэх тийм ч хэцүү биш аж. Дэлхийн хамгийн их хөрөнгөтэй Илон Маск Жефф Безос нар хөрөнгийнхөө ердөө 2 хувийг хандивлахад асуудлыг хангалттай шийдэгдэнэ хэмээн үзсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлт, Ковид-19 цар тахал зэрэг хэд хэдэн хүчин зүйлс ядуу буурай орнуудад хүндхэн сорилт болж байна. Харин эсрэгээрээ АНУ-ын тэрбумтнуудын хөрөнгө цар тахал эхэлснээс хойш бараг хоёр дахин нэмэгдсэн хэмээн тэрээр мэдэгдсэн юм.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар АНУ-ын тэрбумтнуудын нийт хөрөнгө 5.04 их наяд доллар болсон тухай Блүүмберг мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маскийн нийт хөрөнгө 289 тэрбум долларт хүрч дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна