Хүүхдүүд хичээлийнхээ 60-80 хувийг гэрийн даалгавар хийж байхдаа ойлгодог. Харин хотын төвөөс алслагдсан гэр хорооллын хүүхдүүд ая тухтай орчинд ном унших, хичээлээ давтах нөхцөл тэр бүр байдаггүй. Улмаар хүүхдийн сурч боловсрох, чөлөөтэй өсөж хөгжих эрх баталгаатай хангагдаж чадахгүй байна.
Энэ байдлыг дүүрэг орон нутаг шийдвэрлэхээр олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хэдий ч олон хүндрэлтэй асуудал үүсдэг. Тиймээс хувийн хэвшил, нийгмийн сайн сайхны төлөө үйлчилгээ явуулдаг байгууллагуудтай хамтарч богино хугацаанд бодит үр дүнд хүрэх боломжтой.
Тиймээс Баянзүрх дүүрэг "Лантуун дохио" ТББ-тай хамтарч "Magic Box" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.
Эхний ээлжид 12 дугаар хороонд "Magic Box" нэртэй номын сан, номын худалдаа, кофе шоп бүхий 25 орчим хүүхдэд сургалт явуулах боломжтой зөөврийн агуулах, контайнер байрлуулна. Ингэснээр хүүхдүүд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, хичээл, гэрийн даалгавараа зориулалтын орчинд үр өгөөжтэй хийх боломжийг бүх талаас бүрдүүлнэ.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан хэлэхдээ
"Дүүрэг иргэнрүүгээ чиглэсэн бүх ажлыг дангаараа нуруундаа үүрээд явна гэвэл цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асуудлаас эхлээд маш олон саад бэрхшээлтэй тулгарна. Тиймээс л төрийн бус болон хувийн хэвшлүүдийн дэмжлэг маш их хэрэгтэй байна. "Лантуун дохио" ТББ хүүхдийн төлөө төсөл хөтөлбөр хамт хэрэгжүүлэхээр болсонд баярлалаа. Төр, хувийн хэвшилтэйгээ хамтраад зүтгэвэл бидний хэрэгжүүлж буй бүх төсөл амжилттай болно" гэсэн юм.
Баянзүрх дүүргээс эхний ээлжид хүүхдийн төлөөх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж цаашлаад хогны асуудалд төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, анхаарч ажиллахаар төлөвлөж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна