Ардчилсан нам “Онц Их хурал” зарлалаа


Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу намын Их хурлыг зарлуулахаар Үндэсний бодлогын хорооны 290 гаруй гишүүн гарын үсэг цуглуулсан байдаг. Үүнтэй холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, тус намын Их хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 5-нд зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Улс төрийн зөвлөлд даалгасан.

Тэгвэл өнөөдөр  Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж намын ээлжит бус “Онц Их хурал”-ыг зарлах, хурлын зохион байгуулалтыг хангах ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Ардчилсан намд сүүлийн нэг жилд үүсээд буй хагарал бутрал, хууль бус дүрмийн шийдвэрүүд, олон удаагийн зөрчилдөөнтэй баримт бичгүүд дээд шүүхэд хүргэгдсэн мөн 2020 оны УИХ-ын сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн 30 жилийн туршид Ардчилсан намын түүхэнд байгаагүй ялагдлыг хүлээсэн нь Ардчилсан намын хувьд онцгой нөхцөл байдал үүссэн гэж Улс төрийн зөвлөл үзсэнээр тус намын Онц Их хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 05 буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон Ардчилсан намын анхан шатны нэгж, үүрүүдийн гишүүдийн хурлаас сонгогдсон нийт 1318 төлөөлөгч Улаанбаатар хотноо болох тус их хуралд оролцож,  Ардчилсан намд үүссэн дотоод зөрчлийг эцэслэн шийдвэрлэх ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна