Бага дунд орлоготой иргэдийг дэмжих зорилготой ипотекийн зээлийн хүсэлтэд арилжааны банкууд санхүүжилтгүй гэх шалтгаан хэлж, олгохгүй байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Арван их наядын хөтөлбөрийн хүрээнд гурван чиглэлийн зээлийн сувгаар эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийсэн. Нэгдүгээрт, ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл, ипотек, репо санхүүжилтийн зээл. Эдгээрээс ипотек болон репо санхүүжилтийн зээлийг Төв банкнаас шууд татаж, хяналтандаа байлгаж байгаа. Үүнийг хязгаарлаж байгаа хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хэмжээний асуудал. Аливаа бодлогын арга хэмжээ ялангуяа мөнгөний эргэлтээр дамждаг бодлого арга хэмжээнүүд зохистой хэмжээндээ байх ёстой. Зохистой хэмжээнээс хэтрэх, аль эсвэл дутвал үүсэх үр дагавар нь сайн, муу хоёр талтай. Ипотекийн зээл хэмжээнээсээ хэтэрвэл орон сууцны үнэ өсөх сөрөг талтай. Наймдугаар сарын үзүүлэлтээр 700 тэрбум төгрөг гарчихсан байна. Энэ бол бага тоо биш. Энэ нь зах зээл рүү илүүдэл үүсгэх, эрэлт бий болох улмаар орон сууцны үнийг хөөрөгдүүлэх сөрөг үр дагавартай гэж Төв банкнаас үзсэн байна.
Мөнгөний бодлогын хүрээнд энэ тоог хязгаарласан. Гэхдээ зогсоогүй гэсэн үг. Макро тэнцвэрээ барих үүднээс багасгасан. Банкуудыг тодорхой хэмжээгээр төлөгдсөн хэмжээнээс нь давуулахгүй байх аргаар нийлүүлэлт явагдаж байгаа" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна