Эрээн хот хөл хориогоо цуцлаагүй

10 цаг 11 минутын өмнө

БНХАУ-ын Эрээн хотод Ковид19 халдварын улмаас өнгөрөгч аравдугаар сарын 14-нд хөл хорио тогтоосон. Түүнээс хойш тус бүс нутагт коронавирус халдварын 20 орчим тохиолдол бүртгэгдээд буй. Хамгийн сүүлд энэ сарын 9-нд халдварын шинэ тохиолдол илэрсэн талаар холбогдох байгууллагаас мэдээлсэн. 

Тэгвэл тус хотын коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх штаб лхагва гаригт буюу өчигдөр хатуу хөл хориг цуцлах шийдвэр гаргасан талаар хэвлэлүүд мэдээлсэн.

Энэ талаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас тодруулахад, "Эрээн хотод гурван дүүрэг дунд эрсдэлтэй бүсэд байсан. Өчигдрөөс эхлээд бага эрсдэлтэй бүс болгон зарласан. Гэсэн ч одоогоор хөл хорионы дэглэм хэвээрээ байгаа.  Хөл хориогоо сулруулсан гэх мэдээлэл худлаа. Цаашдаа халдварын дэглэмийг хэсэгчлэн сулруулах эсэх талаарх мэдээлэл хараахан гараагүй байна. Хөл хорио хэзээ цуцлагдаж, Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна" гэсэн мэдээлэл өглөө. 

Түүнчлэн Гадаад харилцааны яам энэ талаар хэвлэлд мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, "Эрээн хотын Консулын газартай холбогдож мэдээлэл авахад хөл хориог шат дараатайгаар бууруулах талаар албаныхан ярилцаж байгаа ч ямар нэг шийдвэр гараагүй. Эрээн хотын хөл хорионы зэрэглэл буурсан, цуцлагдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Тус хотод хөл хорионы дэглэм үргэлжилсэн хэвээр байгаа" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна