Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийг өргөн барих үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын чуулган дээр хэлсэн үгэндээ дэвшүүлсэн 4 үндсэн зорилтын нэг нь Шударга ёс, цахим засаглал тогтоох тухай асуудал байсан.
Энэ хүрээнд цахим засаглалыг хөгжүүлэх замаар авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгах, мэдээлэгчийг хамгаалахад хяналт тавих бололцоо бүрдүүлэх, төрийн хүнд суртлыг халах асуудлаар Засгийн газраас сүүлийн 6 сард ихээхэн идэвхтэй ажиллаж байна. Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах нь энэ ажлын нэг үндсэн чиглэл юм.
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авлигын эсрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тиймээс Засгийн газар энэ хуулийн төслийг боловсруулж, өргөн барьж байна. Бид Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Зөвшөөрлийн тухай, Улс төрийн намуудын тухай зэрэг хуулийн төслүүд, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах, төрийн өмчийн засаглалыг сайжруулах чиглэлээр эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөж байна” гэв.
Тэрбээр “Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг цар тахлын эрсдэлийг даван туулах арга хэмжээтэй адил түвшинд авч үзэж, онцгой анхаарлаа хандуулж байна” гэсэн юм.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй.
Хуулийн төслийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна