Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад үүрэг өглөө


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. 

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 84 хувийн биелэлттэй хэрэгжжээ.  Гурван үүрэг даалгавар нь коронавирусийн халдварыг бууруулах, нийтийн хоол, баар ресторан, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагатай хийсэн “Хариуцлагын гэрээ”-ний үр дүнг сайжруулах чиглэлийн үүрэг даалгавар байсан юм. 

Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үр ашиггүй зардлыг багасгах, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган биелүүлэх даалгаврын хэрэгжилт  85.9 хувьтай биелжээ. Төсвийн орлого бүрдүүлэлтээс  газрын төлбөр, нийслэл хотын албан татвар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар зэрэг татварын орлого тасалдалтай буюу 56-76 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Тиймээс орлого бүрдүүлэгч байгууллагынхан онцгойлон анхаарахыг санууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг удирдах ажилтнуудад өглөө. Үүнд:

-Эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгсэл, эмийн сангийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих.

-Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. 

-Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангах.

-Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх  ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна