Уулзалтын эхэнд талууд хэлэлцэх асуудлуудын талаар цухас дурдлаа. Тухайлбал, Америкийн Төрийн тэргүүний хувьд, хүний эрх болон Энэтхэг номхон далайн бүс нутгийн асуудлыг хөндөж хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад-Америкийн харилцааг эерэг чиглэлд ахиулахад бэлэн гэдэг байр суурийг илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ Хятадын дарга “Хоёр улсын хооронд Тайвань болон бусад асуудал хурцадмал байдал үүсээд байгаа хэдий ч, талууд эдгээр сорилтуудыг хамтдаа даван туулж, цаашид харилцаагаа илүү сайжруулах нь зүйтэй юм” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Мөн тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, Ковид-19 цар тахал зэрэг дэлхий нийтэд тулгамдаад байгаа сорилтыг даван туулахад Хятад, Америк хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрүүл өрнөх нь чухал гэдгийг онцолсон байна. Энэ удаагийн уулзалт дээрх хоёр улсын төрийн тэргүүн нарын 3 дахь удаагийн уулзалт болж байна. Уулзалтын үеэр Цагаан ордны Тэргүүн дараагийн удаа Хятадын даргатай биечлэн уулзах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Харин Хятадын даргын хувьд цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд гадны оронд айлчлал хийгээгүй байгаа юм. Өнгөрсөн сард АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Хятадын Гадаад харилцааны сайд Ван И нар Цюрих хотноо хэлэлцээ хийсний дараа Байден, Ши Жиньпин нарын хооронд цахим дээд уулзалтыг хийхээр тохиролцсон нь өнөөдрийн энэ уулзалт болж байна. Байдены Засаг захиргаа бүрэн эрхээ эхлүүлсэн эхэн үедээ Хятад улстай харилцаагаа сэргээх алхмууд хийж эхэлсэн. Вашингтон Бээжингийн хооронд коронавирусний уг гарал, Хятадын цөмийн зэвсгийн нөөц нэмэгдэж байгаа, Тайваний байдал , худалдааны маргаан зэрэг олон асуудал байгаа учраас энэ удаагийн цахим хурлаас Байдены баг өндөр үр дүн хүлээхгүй байна гэж өмнө нь мэдэгдэж байсан.
Ажиглагчид өнгөрсөн онд дипломат маргааны улмаас хаагдсан Ченьду болон Хюстон хот дахь Консулын газруудыг харилцан нээх тохиролцоонд хүрвэл хоёр талын харилцааны уур амьсгал сайжирч магадгүй гэж таамаглаж байна. Гэвч Байдены Засаг захиргаа энэхүү цахим уулзалтаас өмнө Консулын газрыг нээх талаар хэлэлцэхгүй гэж мэдэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна