Ирэх сарын нэгнээс ОХУ дэлхийн таван улстай иргэний агаарын тээврийн нислэгээ сэргээхээр болсон талаар зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар ИНЕГ-аас тодруулахад ирэх сараас эхлэн Улаанбаатараас Москва, Улаан-Үд, Эрхүү, Красноярскийн чиглэлд долоо хоногт тус бүр нэг нислэг үйлдэхээр болсон гэж мэдээллээ.
Энэ тухай ОХУ-ын "interfax.ru" сайтад "ОХУ-ын шуурхай штабын шийдвэрээр 12 дугаар сарын 1-нээс эхлэн Бангладеш, Бразил, Монгол, Коста Рика, Аргентин улстай нислэгээ сэргээлээ" гэж мэдээлжээ. Тухайлбал, Монгол руу долоо хоногт гурван удаа, Бангладеш, Бразил, Коста Рика, Аргентин руу долоо хоногт тус бүр хоёр удаагийн нислэг үйлдэх юм байна. Түүнчлэн Жуковский-Бишкек, Жуковский-Ош чиглэлийн дагуу Киргизстантай харилцаагаа сэргээж байна гэж мэдээлжээ. Вьетнам руу Москва - Хо Ши Мин, Москва - Нха Транг чиглэлд долоо хоногт хоёр нислэгийн давтамжтайгаар, мөн Итали руу Жуковский - Ром чиглэлд долоо хоногт хоёр нислэгийн давтамжтайгаар нислэг үйлдэнэ. Цар тахал эхэлсний дараа агаарын хилээ хаагаад байсан ОХУ өнөөдрийн байдлаар дэлхийн 71 улсын чиглэлд зорчигч тээврийн нислэгээ сэргээгээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна