П.Наранбаяр: Богд уулруу алхдаг замын тохижилтод 6.3 тэрбумын төсөв суулгасныг багасгамаар байна


Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт болж, Нийслэлийн 2022 оны төсвийн төслийн талаар хэлэлцсэн юм. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Мөн нийслэлийн төсвийн урсгал зардлын төсөлд хэд хэдэн томоохон зардлуудыг тусгасан байна. Үүнтэй холбоотойгоор төлөөлөгч, Нийслэлийн Хүний хөгжил хорооны дарга П.Наранбаяр санал хэлэхдээ

“Төсөв бол эрэмбэ юм. Гэтэл шинээр хороод байгуулахад зориулж төсөв тавьсан байна. Энэ тийм их яаралтай хэрэгжүүлэх ажил мөн үү. Хороо шинээр байгуулах тухай шийдвэрийг Нийслэлийн ИТХ гаргаагүй байна. Тиймээс энэ асуудлыг нэг жилээр хойшлуулж, төсвийн төсөлд тусгасан хөрөнгийг чөлөөлөх боломж байна. Мөн Богд уул руу алхдаг замын тохижилтод 6.3 тэрбум төгрөг суулгасан байгаа. Би Богд уулын Хамгаалалтын захиргаанаас тодруулахад “Энэ том бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авах ёстой” гэсэн мэдээллийг өгч байна. Тиймээс энэ мэт зардлыг багасгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зардлаа нэмэгдүүлээч ээ. Ердөө 500 сая төгрөг энэ чиглэлд тавьсан нь хангалтгүй юм. Өвөл хүйтэн болохоор тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд гэрийн хорионд орчихдог. Яагаад гэвэл ээлтэй орчин байхгүй, халтирч унаад гэмтэж, бэртэх гээд байдаг. Гэтэл юун Богд уулын алхалтын замыг тохижуулах, хороо нэмж байгуулах талаар яриад байгаа юм бэ. Тиймээс дээр дурдсан хоёр зардлыг хасах саналтай байна”  гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна