Монгол охины эрхийг хамгаалахаар БНСУ-ын телевизүүд эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэхээр болжээ


БНСУ-ын дунд сургуулийн сурагчид 13 настай, монгол охиныг зургаан цагийн турш зодон, хүчээр согтууруулах ундаа уулгасан хэрэг болсон талаар Солонгос улсын MBC телевиз мэдээлсэн билээ. 2021 оны 7 дугаар сарын 3-нд уг хэргийг дөрвөн хүүхэд үйлдсэн аж. Сэжигтний хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг хаасан бол насанд хүрсэн хоёр сурагчийг прокурорт шилжүүлсэн байна. 

Мөн БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ийн мэдээлж байгаагаар солонгос охидод зургаан цагийн турш зодуулж, хоёр өдөр хоригдсон хохирогч монгол охины эрхийг хамгаалахаар БНСУ-ын үндэсний суваг "MBC" болон хувийн "JTBC" суваг эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэхээр болжээ.

Хохирогч охины ээж "Охин минь гэртээ ирэхгүй байсан тул бид цагдаад мэдэгдсэн. Харин цагдаагийн газраас хоёр хоногийн дараа охиныг минь олж өгсөн. Тухайн үед маск зүүчихсэн, орой болчихсон байсан учир охиноо тийм аймшигтай зодуулсан гэдгийг анзаараагүй. Тэгээд гэртээ ороод хартал нүүр, бие дээр нь маш их хөхрөлт үүсчихсэн хумсны ор гарчихсан байдалтай байсан. Харахад үнэхээр хэцүү байдалтай байсан. Би охиноо хайх хугацаанд дээрэлхсэн хүүхдүүдийнх нь гэрт хүртэл очиж үзсэн. Намайг очиход тэр охид танай охин манайд байхгүй гэж уурласан байдлаар хэлсэн. Гэтэл миний охин хоёр хоногийн турш тэр охидын гэрт зодуулж, хүлүүлэн ,тамхины үнсээр түлүүлж хэрцгийгээр зодуулсан гэдгийг сүүлд мэдсэн. Одоо охин минь сэтгэл санааны хямралд орчихсон байгаа. Энэ хэрэг дээр хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа тул болгоомжтой хандахыг хүсэж байна. Мөн бид энэ хэргийг зүгээр орхихгүй" гэсэн юм.

Эх сурвалж: eagle.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна