Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид 184,000 гаруй иргэдийн дэмжлэгийг аваад байна


Өмнөд Солонгосын дунд сургуульд сурдаг 14 настай монгол охиныг ангийнх нь дөрвөн охин зодож, дүрс бичлэгийг нь зарсан хэрэг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон билээ.

Долдугаар сарын 3-ны өдөр Өмнөд Гёнсан мужийн Янсан хотод гарсан уг хэрэг хохирогч охины эх орон Монголын төдийгүй Өмнөд Солонгосын нийгмийг цочроогоод байгаа юм.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордны вэбсайтад тус улсын иргэд тодорхой асуудлаар өргөдөл гомдол гаргаж, засгийн газраас арга хэмжээ авахыг шаардах механизм ажилладаг.

Уг өргөдөл нь 30 хоногийн дотор 200,000 иргэний дэмжлэг авч чадвал засгийн газар анхааралдаа авч, хариу өгдөг журамтай юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт нэг иргэн монгол охиныг зодсон сурагчдын нэрсийг ил гаргаж, хатуу шийтгэхийг шаардсан өргөдөл үүсгэсэн нь өнөөдөр өглөөний байдлаар 184,000 гаруй иргэдийн дэмжлэгийг аваад байна.

“Хэргийг нарийвчлан шалгаж, дөрвөн сурагчийг хатуу шийтгэхийг би шаардаж байна. Хэрвээ тэд насанд хүрээгүй шалтгаанаар ялаас хэлтрэх бол тэдний эцэг эхийг шийтгүүлэх хүсэлтэй байна” гэж өргөдлийг санаачлагч бичжээ.

Цагдаагийн байгууллага дөрвөн охины хоёрын хэргийг аравдугаар сарын 28-ны өдөр прокурорт шилжүүлсэн юм байна. Харин нөгөө хоёр сурагч 14 нас хүрээгүй тул хэргийг нь Улсан дүүргийн шүүхийн хүүхдийн тасагт шилжүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна