Б.Жавхлан: Ирэх онд 36.5 сая тонн нүүрс экспортолно


МАН-ын 30-р их хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулан, хэлэлцүүлж байна. Тус бодлогод хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг нэрлэсэн. Үүний нэгдүгээрт боомтын асуудал байсан юм. Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан боомт яагаад хөгжлийг хязгаарлагч хүчин зүйл вэ гэдэгт хариулт өглөө. 

Тэрээр "Манай улс далайд гарцгүй, хоёр том хөрштэй, хоёр том зах зээлтэй хиллэдэг улс. Өөрөөр хэлбэл экспортын хоёр том далайтай хиллэж байна гэсэн үг. Тэгэхээр бүтээмж агуулсан аж үйлдвэржилтийн сэргэлтийн эцэст экспортоо хүссэн хэмжээгээр дэлхийн зах зээлийн үнээр экспортлох нь хамгийн чухал. Үүний хамгийн гол гарц нь боомтууд бөгөөд боомтод хүргэх дэд бүтэц юм. Үүнийг шийдсэнээр экспортын бүх бүтээгдэхүүний өртөг хямдарна. Бараа эргэлт хурдасна. Бид хүссэн хэмжээгээрээ цаг алдалгүй бүтээгдэхүүн түүхий эд экспортлож чадах юм. Одоо бид хоёр хөрштэйгөө 42 боомтоор харилцдаг. Үүний 26 нь хойд хөрштэй, 13 нь урд хөрштэй, дөрвөн агаарын боомттой. Боомтын сэргэлтийн хүрээнд хийж гүйцэтгэе гэж байгаа бүтээн байгуулалтууд, ажлын үр дүнд боомтын эргэлт 3-5 дахин нэмэгдэнэ гэж харж байгаа. Энэ нь бүх салбарууд руу үр дүнгээ өгнө. Тухайлбал ирэх жил Гашуунсухайт боомтын төмөр замыг ашиглалтад оруулна. Хил давуулж хийх терминалуудаа барьж эхэлнэ. Урд хөрш боомтууд руу бүх бүтээн байгуулалт дэд бүтцээ тулгаад авчирчихсан. Гэвч манайх л хоцорчихоод байгаа. Иймээс дэд бүтцүүдээ залгах зорилготой байна. Түүнчлэн сүүлийн үеийн терминалуудыг байгуулах, хилийн хяналтын байгууллагуудыг цахимжуулах, төвлөрүүлэх ажлуудыг хийнэ. Ирэх дөрвөн жилийн хугацаанд эхний үр дүнгүүд гарах болно. Ирэх онд 36.5 сая тонн нүүрс экспортолно гэж зорьсон. Боомтын шинэчлэлийн ажлууд үр дүнгээ өгөөд ирэхээр экспортын хэмжээ нэмэгдэх юм. Боомтууд гэдэг бол түүхий эд татах, экспортлохоос гадна аялал жуулчлалын маш том салбар. Бүс нутгийн зам, тээвэр болон төмөр замын сүлжээнд орох нь бидний том зорилт, бодлого байх болно. Тэгэхээр энэ маань эдийн засаг нийгмийн хөгжлийг ойрын хугацаанд боймлож байгаа хязгаарлагч хүчин зүйл болж байна гэж үзэж байгаа юм" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна