Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаал хашдаг аавынхаа нэр, албан тушаалыг ашиглан цагдаа хүү нь олон иргэдийг залилан мэхэлж, ашиг олсон байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал,
Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, Хурандаа Б-ын хүү Б мөн л цагдаа мэргэжилтэй, нисэхийн цагдаад алба хашиж байжээ. Тэрбээр аавынхаа ажил албан тушаалыг ашиглан “Цол дэвшүүлж өгнө, цагдаагийн хүссэн алба хэлтэст хуваарилуулж өгнө” гэх мэтээр мөрдөс нэгт алба хаагчдаа, “Жолооны ангилал даруулж өгнө, тээврийн хэрэгслийн торгууль бууруулж өгнө” гэгчлэн жирийн иргэдээс мөнгө авч, залилан мэхэлж байсан байж болзошгүй байна.
Түүний хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлснээр тэрбээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хоёр сар орчмын өмнө өгсөн бөгөөд хэдхэн хоногийн өмнө хэргийг мөрдөж байгаа цагдаагийн алба хаагч Б-ыг баривчлан саатуулжээ. Учир нь тэрбээр дуудсан хугацаанд ирж мэдүүлэг өгдөггүй зэргээр мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байсан бололтой.
Харин түүний залилан хийхдээ хэрэглэдэг арга нь аавынх нь албан тушаал бөгөөд аав нь ч цагдаагийн байгууллагадаа төдийлөн нэр хүндтэй биш, дээрэнгүй, харилцаа хандлага тааруу хүн гэх мэдээллийг эргэн тойрныхон нь өгч байна.
Хууль хэрэгжүүлэх чиг үүрэгтэй цагдаагийн алба хаагчид ийнхүү хууль бус үйлдэлд холбогдож, иргэдийг залилан мэхэлж, ашиг олсон гэх хэрэгт холбогдсон нь харамсалтай.
Тухайн хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Б-г цагдаагийн тусгай субъектыг шалгах хэлтэст шалгаж байгаа" гэх мэдээлэл өглөө.
Эх сурюалж: tsahiur.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна