Б.Баярбаатар: МАН-ын гишүүд үг, үйлдлээ нэг байлгах үүрэг хүлээж байна


МАН-ын 30 дахь Их хурал болж МАН-ын хяналтын ерөнхий  хорооны дарга Б.Баярбаатар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр, "Ердөө хэдхэн хоногийн өмнө МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар МАН авлигатай тэмцэх  үйл ажиллагааг эрчимжүүлэх болно гэдгээ олон нийтэд мэдэгдээд байгаа билээ. Олон улсын “Транспаренси интернэшнл” байгууллагын мэдээллээр 2020 оны байдлаар авлигын индексээр Монгол Улс 35 оноогоор дэлхийн 180 орноос  111-т оржээ. Уг нь дөрвөн жилийн өмнө 2016 онд 37 оноогоор 87-д орж байсан бол одоо 35 байраар ухраад байгаа юм. Жилээс жилд авлига нэмэгдээд байна уу эсвэл бусад улс орон биднээс илүү авлигыг арилгаж чадаад байна уу гэсэн асуулт аяндаа урган гарч байна. Авлига ихтэй улс оронд ард иргэд нь өвчин зовлонд нэрвэгдэж, мэргэжил боловсрол эзэмшиж чадахгүй, ажилгүй, орлогогүй болж ядуурдаг. Хүний дайтай амьдрах эрхээ эдэлж чаддаггүй. Бараг гурван хүний нэг нь ядуу амьдарч байгаа өнөө цагт  жинхэнэ нүдээ олсон, улс төрийн эр зориг гаргасан энэ шийдвэрийг Монголын ард түмэн чих тавин сонсож, хүлээж авсан.  Намын удирдлагын улс төрийн энэ шийдвэрийг ажил хэрэг болгох эсэх нь гагцхүү бид бүгдийн хамтын хүчин чармайлт, хичээл зүтгэлээс шалтгаалах болно. Шат шатны намын байгууллага үйл ажиллагаандаа социал демократ үзэл баримтлалаа мөрдөж, авлигатай тэмцэж, шударга, ил тод байх, хүний эрхийг дээдлэх зарчмыг мөрдлөг болгон ажиллах үүрэг хүлээж байна. Монголын ард түмний өмнө МАН-ын гишүүд үг, үйлдэл нэг байлгах үүрэг хүлээж байна".




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна