Б.Мөнхжин: Эрээнээс Замын-Үүд дэх ачаа тээвэрлэлт маргааш хэвийн болно


БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг ковидын халдвар дамжих нөхцөлийг бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон. Монголын тал Замын Үүд боомтод чингэлэг байрлуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлж, дотооддоо туршилт, тохиргоо хийж дуусаад 0 цэг дээр ачаа нэвтрүүлэх, чингэлэг тээвэр солилцох туршилтыг энэ сарын 3-нд хийсэн юм. Улмаар арванхоёрдугаар сарын 5-наас чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр тохиролцсон талууд тохиролцсон ч одоогоор уг ажил эхлээгүй. Хятадын талаас манай бэлэн байдлыг газар дээр нь ирж үзэх шаардлага тавьсан юм. Тэгвэл өчигдөр талууд туршилт хийж бэлтгэл хангагдсан гэж үзэн авто замын тээвэрлэлт болон чингэлэг тээвэрлэлтийг нээхээр болжээ. Энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл өглөө. 

Тэрээр " Өчигдөр Замын-Үүдэд суугаа Эрээний ерөнхий консултай хамт газар дээр нь туршилт хийж үзлээ. Хятадын талаас чингэлэг оруулж ирж, манай талаас калмараар өргөж, буулгаж туршсан. Ингээд зохион байгуулалт, логистикийн асуудлуудыг газар дээр нь шалгалаа. Бид 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрээний талтай 20 хоногийн дотор бэлтгэл хангая гэж тохирсон. Бэлтгэл хангагдсан байна. Өнөөдөр бичиг цаасны ажлууд хийгдээд маргаашаас авто замын тээвэрлэлт хийгдээд эхэлнэ. Вирус илрэхээс өмнө Монголоос Эрээний талд гарсан, ачаатай 150 орчим автомашиныг эхний ээлжинд үе шаттайгаар гаргаж дуусгах ёстой. Энэ ажлыг маргаашаас эхэлнэ . Эдгээр машинуудыг гаргасны дараагаар чингэлэг тээвэр явна" гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна