Б.Болор-Эрдэнэ: “e-Mongolia” систем олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш нийт 64.5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийлээ


Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар өчигдөр Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт хэвлэлийн хурал хийлээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Та бүхний мэдэж байгаачлан, энэ оны 10 дугаар сарын 1-нд “e-Mongolia 2.0” нээсэн. Өнөөдөр бид “e-Mongolia” системд 57 байгууллагын 574 үйлчилгээг цахимжуулж, нэгтгэлээ. Үүнээс 138 нь лавлагаа, тодорхойлолт байгаа. Лавлагаа, тодорхойлолтыг дунджаар 2-3 минутад “e-Mongolia”-р авах боломжтой. Мөн 436 олон шатлалт үйлчилгээ байна. Олон шатлалт үйлчилгээ нь иргэн хүсэлтээ гаргаад төрийн байгууллага тухайн хүсэлтийг нь дотоод процессороо шалгаад, хариуг нь өгдөг 436 үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрсэн байгаа. Өнөөдөр “e-Mongolia” 1.9 сая хэрэглэгчтэй буюу насанд хүрсэн хүмүүсийн 86 хувь нь энэ системийг идэвхтэй ашиглаж байна. Үүнээс 806,826 хүн гар утасны аппликейшныг ашиглаж байна. Бидний хувьд нийслэл хотын болон улсын хэмжээнд үзүүлдэг төрийн үйлчилгээг цахимжуулахаас гадна аймаг, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг цахимжуулж эхэлсэн. “e-Mongolia” төслийн баг хөдөө, орон нутагт ажиллаж байгаа бөгөөд одоогоор найман аймгийн 498 үйлчилгээг “e-Mongolia” -д орууллаа. Нийтдээ давхардсан тоогоор 1000 гаруй үйлчилгээ цахимжсан гэж хэлж болно.

Бид хөндлөнгийн судлаачидтай хамтарч ажилладаг. Энэ хүрээнд “e-Mongolia” систем олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш нийт 64.5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийлээ. Бид энэ оны 12 дугаар сарын 20-нд салбарын статистик, судалгааг танилцуулна. Тухайн үед бид ямар судалгааны аргачлалаар яаж энэ дүнгүүд гарч байна вэ гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.  Мөн бид энэ оны 12 дугаар сарын 15 гэхэд төрийн 600 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлэхээр ажиллаж байна. “e-Mongolia”-ийн хувьд өдөр тутам хөгжүүлэлт, сайжруулалт хийгдэж байна. “e-Mongolia” систем гэлтгүй төрийн цахим шилжилттэй холбоотой бид “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль”, “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тун удахгүй батлуулах гэж байна. Эдгээр хуулиар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахыг хориглож байгаа. Мөн иргэн төрийн байгууллага хооронд бичиг цаас бариад гүйх шаардлагагүй болж байгаа. Хэрвээ төрийн алба хаагч танаас төрд байгаа мэдээллийг шаардвал өөрөө хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт орж байгаа. Үүний зэрэгцээ, нууц хэмээх зэрэглэлтэй 67 төрлийн мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар ил болгож байна. Жишээлбэл, улс төрийн намын гишүүнчлэл, төрийн байгууллагын хүний нөөц мэдээлэл гэх мэтчилэн маш олон төрлийн мэдээлэл ил болж байгаагаараа онцлогтой хууль байгаа.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн тухайд гэвэл Ардчилсан нийгэмд иргэн төрд өөрийнх нь ямар мэдээлэл байгааг хянах, тэрхүү эрхээ эдлэх гол хууль гэж ойлгож болно. Бидний хувьд Монгол Улсын иргэнийн мэдээлэл рүү хэн нэгэн халдсан, ялангуяа төрийн алба хаагч хэн нэгэн иргэний мэдээлэлд халдах гэж оролдвол тухайн иргэнд “e-Mongolia”-р мэдэгдэл буюу notification очих болно. Тухайн иргэн энэ хүн миний мэдээллийг үзэх эрхгүй гэж үзвэл “e-Mongolia”-р гомдол гаргаж болно. Энэ чиглэлийн технологийн хөгжүүлэлт нь “e-Mongolia” дээр хийгдээд явж байна. Хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжээд эхэлмэгц “e-Mongolia” дээр тухайн хөгжүүлэлт нь иргэнд ил харагдаад явна.

Цахим гарын үсгийн тухай хуулийн хувьд Монгол Улсын иргэн бүр тоон гарын үсэгтэй болно. Ингэснээр технологи ашиглан гэрээ, хэлэлцээ хийх боломжууд бий болоод явна.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хувьд гэвэл Монгол Улсад 15, 16 жил батлагдаж чадаагүйн улмаас мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо бий болж чадаагүй. Иймд бид энэ хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар иргэний мэдээллийн аюулгүй байдал, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэл тодорхой болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна