Улсын бүртгэлийн ерөнхий газар өчигдөр Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт хэвлэлийн хурал хийлээ.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн томоохон үйлчилгээний байгууллага. Улсын бүртгэлийн хуульд заасан 32 төрлийн үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээг дотор нь задалбал, 150 үйлчилгээ – лавлагаа болдог, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, хоригуудтай холбоотой Монгол Улсын иргэн харьяатаас гарсан, харьяат сэргээсэн, гэрлэлт гээд энэ бүртгэлээс бусад бүх бүртгэлийг цахимжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” системд 59 төрлийн лавлагаа орсон байна. Үүний 22 нь лавлагаа, 37 нь хоёр шатлалтаас дээш үйлчилгээ орсон байна. Бид үйлчилгээнүүдээ гурван төрөлд хувааж үзэж байна. Нэгдүгээрт 100 хувь онлайн буюу иргэн компьютер, гар утаснаасаа үйлчилгээгээ 100 хувь цахимаар авах, Хоёрдугаарт, хагас хүргэлттэй буюу “e-Mongolia”-р дамжуулан захиалгаа өгөөд иргэд өөрийнхөө гар дээр хүргэлтээр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоо авах, гуравдаарт, хоёр талдаа хүргэлттэй үйлчилгээ буюу төрсний бүртгэл зэрэг үйлчилгээг нэвтрүүлээд ажиллаж байна.
Цахим шилжилт гэдэг бол хамгийн гол нь үйлчилгээний процессыг сайжруулах явдал байдаг. Яг өнөөдрийн байдлаар зургаан үе шат алхмаар гадаад паспортын захиалга явагддаг. Үүнийг бид дөрвөн алхамтай болгосон. Энэ тохиолдолд бид нэлээн хэдэн судалгаа хийсэн. Иргэн улсын бүртгэлтэй холбоотойгоор бид 9 төрлийн 18 үйлчилгээг үзүүлж байна. Эндээс харахад иргэнээс 213 сая төгрөгийн хэмнэлтийг бий болгосон гэсэн дүгнэлт гарсан.
Хуулийн этгээдийн бүртгэл дээр бид өнөөдрийн байдлаар 4 төрлийн 11 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлсэн байна. Үүнд хуулийн этгээдийн байгуулах ажлыг 100 хувь цахимжуулсан байгаа бөгөөд хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт бид, хуулийн этгээдийн гэрчилгээг цахимаар олгож эхэлсэн.
Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой хүргэлтийн үйлчилгээнүүдийг оруулсан. Ингэснээр “e-Mongolia” системд захиалга өгөөд холбогдох эх нотлох баримтаа хүргэлтээрээ улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлснээрээ үйлчилгээ бүрэн төгс хийгдэнэ. Одоогоор эд хөрөнгөтэй холбоотой 5 үйлчилгээ “e-Mongolia”-д орсон байна.
“e-Mongolia”-р дамжуулан Улсын бүртгэлийн байгууллага 1.1 сая лавлагаа, тодорхойлолт үйлчилгээг иргэнд үзүүлсэн байна.
Улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэл “ХУР” системд орж, төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцдог болсноор 2021 оны эхний хагас жилээр 202 сая гаруй удаа бусад төрийн байгууллагуудад мэдээллээ хэрэглүүлсэн байна. Үүний цаана, ямар процесс болж байна гэвэл төрд өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй, төрийн бусад байгууллага улсын бүртгэлийн байгууллага руу иргэдийг явуулахгүйгээр 202 сая гаруй удаа мэдээллийг татаж авсан байдаг. Бусад байгууллагатай мэдээллээ солилцох буюу дундын мэдээллийн сан болсон “e-Mongolia” гэдэг платформ дээр үндэслэн нөгөө талд нь буй “ХУР” мэдээллийн сан дээр хадгалагдаж буй мэдээллийг бусад байгууллагатай уялдуулан холбох асуудал нэлээн өндөр түвшинд хийгдэж байгаа гэдэг тоо баримт гарсан байна. Нийт үнийн дүнгээрээ иргэн талаасаа 13 тэрбум төгрөг хэмнэгдсэн үр дүнд хүрсэн байна. Задалж харвал, иргэн улсын бүртгэлийн байгууллага ирэх, очих унааны зардал, бүртгэлийн үйлчилгээний тарифууд, тодруулбал, энэ оны 07 дугаар сарын 01-ээс цахим лавлагааг тодорхойлолт бүгд үнэгүй болсон, бусад нотариат, зураг авах зэрэг үйлчилгээнүүдийг тооцоод хамгийн багаар бодоход 13 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийсэн байна.
Цахим гарын үсгийн тухай хуультай холбоотойгоор улсын бүртгэлийн байгууллага ирэх оноос тоон гарын үсгийг иргэдэд олгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллага дээр иргэнийг таних биеийн давхцахгүй өгөгдөл бол хурууны хээ, регистрийн дугаар, бүртгэлийн дугаар байдаг. Хууль 05 дугаар сарын 01-ээс хэрэгжээд эхэлмэгц тоон гарын үсэг бол интернэт, цахим орчинд танигдах давхардахгүй дугаар болж өгнө. Бүх нэгжээрээ дамжаад тоон гарын үсэг иргэн бүрт олгох ажил эхэлнэ. Иргэн бүрт хоёр тоон гарын үсэг олгоно. Нэг нь иргэний үнэмлэхтэй холбогдох бол нөгөөх нь e-passport-той холбогдоно. Улсын бүртгэлийн ерөнхий байгууллага 2022 оноос цахим гадаад паспорт нэвтрүүлж эхэлнэ. Цахим гадаад паспорт дээр тоон гарын үсгийн дэд бүтцийн систем шууд хэрэглэгдэнэ.
2022 оноос хойш Регистрийн дугаар биш Бүртгэлийн дугаар буюу давхардахгүй 12 оронтой тоогоороо иргэнийг таньж баталгаажуулна. Регистрийн дугаар нь хөгжлийн шатанд тодорхой хэмжээгээр шаардлага хангахгүй болж байна. Тодруулбал, иргэний улсын бүртгэл дээр хүйс өөрчлөгдсөний бүртгэл хэмээх шинэ бүртгэл орж ирсэн. Хэрвээ энэ бүртгэлийг хийлгэвэл дагаад заавал регистрийн дугаар өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, регистрийн дугаарын сүүлийн хоёр орон нь эрэгтэй, эмэгтэйг илэрхийлдэг. Шүүхээр ямар нэгэн байдлаар насаа тогтоолгох зэргээр регистрийн дугаар өөрчлөгдөх нөхцөл байдал бий. Мэдээллийн санд регистрийн дугаар өөрчлөгдөх бололцоо хуулиараа байдаг учраас энэ нь давхацгүйгээр иргэнийг таньж баталгаажуулах нэг түлхүүр байж чадахгүй болж байна. Иймээс бүртгэлийн дугаарыг өнөөдөр Монгол Улсад хүүхэд төрмөгц бүртгэлийн 12 оронтой тоог олгож байгаа. Иргэний үнэмлэх солигдох зэрэг ямар нэгэн байдлаар энэ 12 оронтой тоо өөрчлөгдөхгүй. Татвар төлөгч бас 12 оронтой тоогоор явж байгаа энэ мэтчилэн бусад бүх бүртгэлийн дугаарыг нэгтгээд Монгол Улсын иргэн бүр нэг л бүртгэлийн дугаараараа цаашид үйлчилгээ аваад явах боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Регистрийн дугаарын мэдээллийн сангаас устгахгүй. Хэрэглээ дээр бүртгэлийн дугаарыг ашиглана гэсэн үг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна