Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг өнгөрөгч баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.
Мөн сайд Б.Батцэцэг өөрийн эрх мэдлийн хүрээнд БНСУ-ын Пусан дахь консулын газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тус улсад суралцдаг монгол охиныг дээд ангийнх нь сурагчид зодож, бичлэг хийн бусдад худалдсан хэрэг гарсан. Гэвч дээрх албан тушаалтнууд нь энэ асуудалд анхаарал хандуулж, иргэнийхээ эрхийг хамгаалах ажил хийгээгүй гэсэн үндэслэлээр ийнхүү албан тушаалаас нь чөлөөлөхөөр болоод байгаа аж.
БНСУ-ын хууль, шүүхийн дүгнэлт гарчихсан ч охины хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд өмгөөлөгч аван ажиллах нь зүйтэй гэж охины гэр бүл үзэж байгаа.
Хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн ч тухайн сурагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзсэн байдаг.
Тиймээс хүчирхийлэлд өртсөн монгол охины эрхийг хамгаалж, хэргийг нь үнэн зөв шийдвэрлэхийн тулд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордны нээлттэй цахим самбарт зарга үүсгээд байсан бөгөөд саналын тоо 200 мянга хэдийн даваад байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна