Б.Жавхлан: Төрийн албан хаагчдыг шууд цомхтгохгүй


Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрээр "2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн, засгийн газрын харьяа хяналтын байгууллагуудаас аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн газар дээрх хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх бодлогын шийдвэр гаргалаа.

Хяналтын байгууллагууд УИХ-ын бүтцэд ч бий. Засгийн газрын нэлээд газарт ч бий. Эдгээрийг ялгаж салгаж хэрэгтэй. Гэхдээ төрөөс төрд тавих хяналт шалгалт нь хэвийн үргэлжилнэ. Харин хувийн хэвшил, иргэнд тавих хяналт шалгалтыг 50 хувь цөөлж, эрсдэлд суурилсан, зайнаас хяналт тавьдаг хэлбэр рүү шилжих бодлогыг өнөөдөр тодорхойлсон. Энэ нь хяналт шалгалт суларлаа гэсэн үг огт биш. Цахимд суурилсан зайнаас хяналт тавих шинэчлэл рүү шилжиж байна" гэлээ.

Энэ хүрээнд дээрх хязгаарлалтуудыг тогтоох арга хэмжээг авч байгаа юм. Эдгээр бүтцийн орон тооны шинэчлэлийн ажлууд дунд, дээд шатнаас эхэлнэ. Ялангуяа төрийн өмчийн үйлдвэрийн газрууд дээр нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй байх, засаглалын хувьд оновчтой цомхон байх ажлуудыг хийх юм. Мөн иргэдийн дунд нэгдүгээр сарын 1нээс эхлэн төрийн үйлчилгээний алба хаагчдын орон тоог  шууд цомхотгоно гэсэн мэдээлэл явж байна. Тус бүтцэд 50 мянга орчим төрийн албан хаагчид байдаг. Тэдгээрийг шууд л цомхотгоно гэж буруу ойлгож болохгүй. Төр өөрөө илүү чадварлаг, цөөхөн орон тоотой, цомхон, цахим, ил тод, ухаалаг байдлаар ажиллах  зорилтын хүрээнд дунд, урт хугацааны төлөвлөлтүүд хийгдэж байгаа. Гэхдээ ирэх жил төрийн үйлчилгээний алба хаагчдыг шууд цомхотгоод хувийн хэвшил рүү шилжүүлчих боломжгүй. Харин одоо үйлчилгээ үзүүлж байгаа төрийн алба хаагчид нэгдэж нийлж, аж ахуйн нэгжийн ямар нэг бүтцэд шилжиж, төрд үйлчилгээний албаа үзүүлж төрөөс үйлчилгээнүүдээ худалдаж авна гэсэн үг. Үүнд бэлтгэл ажил, судалгаа шаардана. Ийм хэлбэрүүдийг судалж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна