О.Батбаяр: Дельта хувилбараар өвдсөн иргэд дахин омикроноор өвдөх эрсдэл өндөр байна


Эрүүл мэндийн яамнаас Ковид19 халдварын шинэ хувилбар болох омикрон хувилбарын талаарх мэдээлэл өглөө. 

Эрүүл мэндийн яамны  дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр "Одоогоор омикрон хувилбар 88 оронд тархаад байна. Энэ хувилбарын халдварлах түвшин хамгийн өндөр байгааг ДЭМБ онцолсон. Улмаар улс орнын эрүүл мэндийн салбаруудыг бэлтгэлээ хангахыг сануулсан. Түүнчлэн ДЭМБ вакцины нэмэлт тунг эсэргүүцэхгүй гэдгээ албан ёсоор зарласан. Манай улсын хувьд бэлтгэлээ базааж байна. Их Британд эхний нас баралт бүртгэгдсэн. Халдварын тархалт ч эрс өссөн байна. Лондон хотод шинэ хувилбарын улмаас иргэд гэрээсээ гарахгүй байгаа. Тус улсын эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа даахгүй байгаа гэдгээ зарласан. Үүний нэг шалтгаан нь эмнэлгийг олон ажилчид өвдөж, ажиллах хүчний дутагдалд орсон. Манай улсад ч ийм эрсдэл үүсэх магадлалтай. 1-2 сарын дараа дэлхийн улс орнууд дельта болон омикрон хувилбарын давлагаанд өртөх эрсдэл үүсээд байна. 

Омикрон хувилбар цагаан мөгөөрсөн хоолойн салстад богино хугацаанд хуваагдан олширч байгааг дэлхийн эрдэмтэд нотолсон. Халдварлах чадвар өндөр байгаатай холбоотойгоор уушгины эд эсэнд нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстад нэвтэрч олширч байна. Тиймээс нус гоожих, найтайх, хоолой өвдөх, ханиах зэрэг шинж тэмдэг давамгайлж байна. Танд томуу төстэй ийм шинж тэмдэг илэрч байвал томуу гэхээс илүү омикрон хувилбарын шинж тэмдэг болохыг дэлхийн эрдэмтэд мэдээлж байна. Омикроны шинж тэмдэгийг хөнгөн гэж үзэж болохгүй. Манай улсад өвлийн улирал тохиож буй учир өвчлөл хөнгөн байх магадлал бага. Дельта хувилбараар өвдсөн иргэд дахин омикроноор өвдөх эрсдэл өндөр байна. Шинэ хувилбараас сэргийлэх гол аргыг гуравдугаар тун гэж олон улсад үзэж байна. Улс орнуудад нөхцөл байдал хүндэрч байгаа ч манайх цөөн хүн амтай, хоёр л улстай хиллэдэг нь давуу тал юм. Шинэ хувилбар дотоодод бүртгэгдээгүй учир хилийн хяналтыг сайжруулж чадвал сэргийлэх боломж байна. Үүний тулд иргэд гадагшаа явахгүй байх хэрэгтэй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна