Т.Баярхүү: Иргэдийг тусгаарлах явцад алдаа гаргасан тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцно


Коронавирусийн омикрон хувилбар улс орнуудад эрчимтэй тархаж буйтай холбогдуулан УОК гадаадаас ирж буй иргэдийг гурван хоног тусгаарлах шийдвэр гаргасан. Гэтэл гаднаас ирж буй иргэд тусгаарлах байрууд бохир, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй талаар гомдол мэдээлэл гаргаад байна.

Энэ талаар иргэн А.Даваасүрэн өөрийн цахим хуудаснаа "Тусгаарлахыг ерөөсөө буруутгаагүй шүү! Гагцхүү цус нөж, хир даахиндаа баригдсан бохир заваан дэн буудалд хүчээр бөөнөөр нь чихүүлэхийг л дэмжихгүй байгаа. Тиймээс тусгаарламаар байгаа бол гэр гэрт нь тусгаарла! Мөнгө хиймээр байгаа бол тэр өдрийн 100к-г чинь өгөөд гэртээ тусгаарлуулъя!!! Хаалгыг минь түгж, лацад, гагна, хамаа алга. Гагцхүү битгий тэр бохир заваан буудал руугаа хүчээр чих!!! Гуйж бн ЗГ-аа, УОК-оо!!!" гэжээ.


УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, хяналт, шалгалт зэрэг цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодруулж байна. 

Тэрбээр "Омикрон хувилбарыг хяналтгүйгээр өндөр давлагаа үүсгэхгүй байж, урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлалтын ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан.

Ингэхдээ зохион байгуулалтын явцад алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, иргэдээсээ уучлалт хүсэж байна. Тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Өнөөдрийн байдлаар 19 зочид буудал бидэнтэй хамтарч ажиллаж байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим зочид буудал хамтарч ажиллахгүй гэж өөрчлөлт орсон. Улаанбаатар орчимд 300 гаруй зочид буудал бий. Тусгаарлалт хийх шаардлага хангасан 30 орчим буудал байгаа. Манай улсад одоогоор Омикрон хувилбар бүртгэгдээгүй. Хил дээр зөөвөрлөгдөж ирсэн 300 орчим тохиолдол байгаа бөгөөд хувилбарыг тодорхойлох шинжилгээ хийгдэж байгаа" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна