2021 ОНЫ ОНЦЛОХ УЛС ТӨРЧИД БА НӨЛӨӨЛӨГЧИД

Админ
2021/12/30

Монголчууд та бид хорио цээрийн дэглэмийг давж гарч, дархлаажуулалт эхэлсэн цагаас хойш улс төрийн болон, нийгмийн олон үйл ажиллагаа болж дээр байгаа хэддээ дүн тавьж, бидний дунд "ОД" нэртэй гялалздаг нөхдүүдийн тарыг таньж ер нь Монголчууд аль шатанд явж байгаа вэ гэдгээ харах болсон. Тэр ч утгаараа 2021 он олз омогтойгоос гадна маш их гарзтай болж өнгөрлөө. 

Язгуур.мн-ы зүгээс 2021 оны Топ улс төрчид болон нийгмийн зүтгэлтэн хүмүүсийн ТОП 10 жагсаалтыг гаргаж уншигч та бүхэндээ хүргэе. 

Шилдэг улс төрч 

1. "БАКТЕР биш БААТАР" болсон хууль зүйн сайд.

 Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар. Тэрээр 2021 онд онцлох улс төрчдийн тоонд сайнаараа ч муугаараа ч багтахаас өөр аргагүй нэгэн. Тухайлбал Д.Мөнх-Эрдэнэ түүнийг болон Ерөнхий сайд, Хотын даргыг агт араандаа зууж мэдээлэл өгөх болгондоо элдвээр хэлсээр иргэдийн дунд муу нэртэй харагдуулсан гэж хэлж болно. Гэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд "ГӨВҮҮЛЛЭЭ" гээд гоншигнолгүй, харин ч зоригтой ажилласны үр дүнд Монгол Улс алдарт "ДУБАЙН ГЭРЭЭ"-г цуцалж "ОЮУ ТОЛГОЙ"-гоос Монгол Улсын авах ашиг, гэрээг шинэчлэх гээд маш том ажлыг амжуулсан нь түүнийг 2021 оны төдийгүй, маш сайн улс төрчдийн нэг гэдгийг харууллаа.

2. "АЙДАГАА АРДАА ХИЙСЭН ААВЫН ХҮҮ" 

УИХ-ын гишүүн Н.Учрал. Түүний хувьд 2020 оны улс төрийн сонгуулийн дараа Засаг солигдох үеэр төв намын нөхдүүдтэйгээ зугаалж явахдаа нойр булчирхайн асуудлаар бие нь хүндэрч сэхээнд орж гадаад улсруу явж эмчилгээ хийлгэн эрүүл саруул болж эсэн мэнд эргэн ирсэн байдаг. Харин түүнийг улс төрийн хүрээнд Засаг солигдох үеэр Сайд болох хамгийн өндөр магадлалтай хүнийг  дотоод аппарат нь хорлолоо гэх мэт таагүй яриа хөвөрсөн. Ямартай ч "Айдагаа ардаа хийгээд ирсэн" Н.Учрал гишүүн Боловсролын багц хуулиас эхлээд цахим гарын үсэг, хувь хүний нууцыг  хамгаалах зэрэг олон дэвшилтэд технологи, ирээдүйн залуучуудын амьдралд дэм болох хуулиудыг батлахыг нь батлаж, санаачлахыг нь санаачлаад явна. Түүнийг 2022 оны 1 сарын 1-ээс эхлэн Цахим хөгжлийн сайд болно гэх ч яриа байгаа бөгөөд 2020 он түүнд хатуу хандсан бол 2021 он түүнийг шилдэг байлгалаа. 

3. "ХААН ХҮРЭЛСҮХ" 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж Ерөнхийлөгч болсон тэрээр Монгол Ардын Намын даргын ажлаа өгсөн ч  ил далд хэлбэрээр удирдсаар байгаа нь үнэн. Ямарсайндаа л Ж.Мөнхбат гишүүн тэртээ 2019 онд түүнийг "Чи яг Н.Энхбаярын араас орлоо" гэж тодотгон хэлж байсан нь өнөөдөр биелэлээ олсон гэхэд хэлсдэхгүй. Тэр өнөөдөр Монгол улсыг бүх шатанд засаглаж, УИХ-ын гишүүдийн кнопоос эхлээд аль хуулийг цааш явуулах, аль хуулийг Үндсэн хуулийн цэц-д унагаахыг хүртэл хэлж, зурж, хийж байгаа. Гэхдээ түүнийг бяртай гээд "ГӨВЖ" элдвээр хэлж болохгүй. Учир нь "ХААН" маань 2021 онд тог, цахилгааны төлбөр, ипотекийн зээл, нүүрс зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд шаардлагатай зүйлсэд эрх мэдлийнхээ хүрээнд чадлаараа тусласан нь үнэн. Үүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч болсон даруйдаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн нь олон иргэдийн сайшаалыг хүртэж, Монгол Улсын ногоон хөгжлийг шинэ шатанд гаргах алхам болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Ямартай ч "Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй" гэдэг шиг "Хаан" байх хугацаандаа он бүрийн онцлох улс төрчөөр тодрох нь аргагүй биз. 

4. "ДАНХАН ТОЛГОЙТ" 

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ. 2021 онд хамгийн шилдэг Ерөнхий сайдаар ч тодрох боломжтой, хамгийн муугаар ч тодрох боломжтой нэгэн. Учир нь түүний кабинетд ажилладаг албаны даргаас эхлээд зарим сайд нар хүртэл 2021 онд элдэв хөрөнгө мөнгө, зодоон цохион гээд олон асуудалд холбогдож, нэр хүндийг нь өдрөөс өдөрт унагааж байгаа. Гэхдээ түүнд хийсэн сайн зүйлсүүд бий. Тэрээр Цар тахлыг даван туулахын тулд бусад улс орнуудаас ч хурдан шахуу вакцины нийлүүлэлтийг Монгол Улсруу татаж, үүнийгээ дагуулан дархлаажуулалт хийлгэсэн иргэн бүрд 50.000 төгрөг, мөн 300.000 төгрөг өгөх зэрэг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө чадлаараа ажиллалаа. Үүний ачаар Монголчуудын ковидын халдвар авах эрсдэл буурч, бид улбар шар түвшинд шилжиж, омикрон вирус өнөөдөр хүртэл Монгол улсад илрээгүй явна. Түүнчлэн тэрээр "Оюу толгой, Дубайн гэрээ" гэх мэт том асуудлыг хөндөж, өөрийн эхлүүлсэн иргэдийн эрх ашгийн төлөөх бүх ажилд ялагч нь байж манлайлал үзүүлэв. Түүний халаасанд Монгол Улсыг хөгжүүлэх "Шинэ сэргэлтийн бодлого" гэх төлөвлөгөө хүртэл бий. Тиймээс түүний хийсэн сайн ажил бүр, түүний багийн хийсэн муу ажил бүр түүнийг 2021 оны шилдэг, эсвэл хамгийн муу улс төрчөөр тодруулах нь тодорхой.

5. "БАЯНЗҮРХИЙН АМГАА" 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд өөрийн өсөж төрсөн дүүргээсээ нэр дэвшиж ялалт байгуулсан. Анх удаа  УИХ-ын гишүүн болсон хэрнээ өнөөдөр "Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо"-г байгуулж, нийслэл хотоос сонгогдсон АН, МАН, ХҮН-ий нөхдүүдийг ахалж, базаж яваа. Тэрээр 2022 оны 1 сарын 1-ээс эхлэх "Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль", "Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль" зэрэг томоохон хуулиудад өөрчлөлт хийж чадлаа. Үүгээр ч зогсохгүй түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулах ажлыг хотын даргатай хамтарч гардан хийсэн хүн юм. Хотод төрж өссөн, өнөө цагийн элитүүдийн сургууль болох 1 дүгээр сургуулийг дүүргэсэн тэрээр хотын хөгжил дэвшлийг анхаарч УИХ-ын гишүүд дундаас хамгийн анх гэмээр "Хотын дарга, дүүрэг, орон нутгийн удирдлагуудтай" хамтарч ажиллаж байгаа хүн. Улс төрийн хувьд ч тэрээр үргэлжийн "АЛААН"-тай дүүргийн намын дарга. Энэ бүхнээс харахад гудамжнаас, шалбаагнаас  өнөөдрийг хүртэл цэх зогсож гарсан түүнийг 2021 оны онцлох улс төрчид багтаалаа

6. "ХОНГИЛЫН ҮЗҮҮР ДЭХ ГЭРЭЛ АТГАГЧ" 

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан. 2020 оны УИХ-ын сонгуульд Ч.Ундрамын сонгуулийн менежер, ТВ5 телевизээр нэвтрүүлэг хүргэдэг байсан тэрээр гэнэт л сайд болж, олон нийтийн хараанд өртсөн. Тэр цагаас хойш түүнийг харсан хүн бүр "ЧАДВАРГҮЙ САЙД", "УЛС ТӨРИЙН НАЙМАА" хийж орж ирсэн гэх мэтээр бишгүй хэлж, сүүлдээ бүр "БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ"-ыг базаж байна, бүх ажилтан алба хаагчдыг халлаа солилоо гэх мэтээр харлуулсаар байсан. Гэхдээ тэр яригдсан асуудал болгонд "ХҮҮХЭН ШИГ" шалчигналгүй, сайдын зангарагтай байж "ХОНГИЛЫН ҮЗҮҮР ДЭХ ГЭРЛИЙГ АТГАЖ" үүнийхээ ачаар огцрох сайд нарын жагсаалтаас гарч, харин ч эсрэгээрээ үлдээх сайд нарын дунд багтаж явна. Хийсэн ажлын хувьд "Тэрбум мод" хөдөлгөөнөөс эхлэд ногоон хөгжилтэй холбоотой бүх асуудлыг тэрээр шийдэж чадсан бөгөөд 2021 оны онцлох улс төрчдийн тоонд багтаж байна.

7. "ИХ ХОТЫН ЭЗЭН" 

2020-2021 оны бүх шатны сонгуульд Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулж бүх хүнээ шахуу албан тушаалд томилсон. Гэхдээ хамгийн хүнд буюу "Хамгийн их хийдэг хэрнээ хамгийн их хараалгадаг" албан тушаал болох Хотын даргын суудалд хэнийг тавихаа шийдэж чадсангүй. Үүний гацааг арилгахаар нэг аварга гарч ирэн УИХ-ын гишүүний тахимаа өгч "Их Хотын Эзэн" болсон нь Д.Сумъяабазар байлаа. Түүнийг улс төрийн хүрээнд ч тэр, нийгмийн хүрээнд ч тэр "БӨХ ХҮН ЧАДАХГҮЙ ДЭЭ" гэх өнгө аястай зүйлсийг хөрвүүлж байсан бол тэрээр эсрэгээрээ Улаанбаатар хотын хөгжлийн гацаа, тээгийг мулталж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт өрнүүлсэн 1 жилийг ардаа үдлээ. Тухайлбал газар чөлөөлөлт, тохижилт бүтээн байгуулалтаас эхлээд түүх соёлын өвөө хамгаалах олон ажлыг хийв. Өнөөдрийн байдлаар түүний өмнө нэг л дайсан бий. Тэр нь түгжрэл. Хэрэв "Их Хотын Эзэн" хотын түгжрэлийг шийдэж чадсан тохиолдолд Монгол Ардын Нам ч тэр, Сумъяабазар дарга ч тэр 2024, 2028 онуудад үнэмлэхүй ялах нь тодорхой. 

ШИЛДЭГ НӨЛӨӨЛӨГЧИД

1. "САВ Л ХИЙВЭЛ ХОРИГДООД БАЙДАГ Э.ОДБАЯР"

Эрдэнийн Одбаяр. Ардчилсан намын лидер С.Эрдэнийн ууган хүү. Тэрээр Зон Олны Намын даргын албан тушаалтай бөгөөд 2020 онд тухайн нам сонгуулийг илтэд луйвраар болж буй учир оролцохгүй гэдгээ мэдэгдэн анх гарч ирж байлаа. Тэр цагаас хойш тэрээр Монгол Ардын Намаас гаргасан бүхий л бодлого шийдвэрийг эсэргүүцэж, нийгмийн тэнцвэртэй байдал, хүн бүрд ижил тэгш хандах, харилцах хандлагыг төрийн бүх шатанд хэрэгжүүлэхийг шаардаж "NODOUBLESTANDART" хөдөлгөөнийг эхлүүлсэн. Хөдөлгөөн эхэлсэн цагаас хойш түүнийг маш олон удаа торгож, гэрээс нь хүртэл баривчилж, хорьж байсан удаатай. Гэхдээ тэр өнөөдрийг хүртэл эрх баригчдын алдаа оноотой шийдвэрийг эсэргүүцэж, эрх тэгш байдлын төлөө тэмцсээр байгаа нь түүнийг 2021 оны шилдэг нөлөөлөгчдийн тоонд багтааж байна. 

2. "МОРИН ЦАГИЙН ЗАЛУУ" 

Комеди лабын захирал, комедиан Амраа 2021 онд Улсын Онцгой Комиссоос гаргасан бүхий л шийдвэрийг эсэргүүцэж, бүгдэд эрх тэгш хандахыг уриалж удаа дараа жагсаж, тэмцсэн. Үүнийхээ хариуд ч маш олон удаа торгуулж, шүүхэд хүртэл дуудагдаж, энд тэнд мэдүүлэг өгч, талбай дээрээс гавлуулаад л явдаг болсон.  Гэхдээ тэр хууль хүчний байгууллагаас айхаасаа илүүтэй тэр дотор нуугдсан, олон жил бугшсан идээ бээрийг шахахын тулд өнөөдрийг хүртэл комеди салбартаа ч тэр, төв талбай дээр ч үзэл бодлоо илэрхийлж байгаа. Үүгээр ч зогсохгүй цахимаар өдөр бүр шахуу лайв хийж үзэл бодлоо илэрхийлж, морин цагийн шоугаараа бүх болохгүй бүтэхгүй нийгмийн асуудлыг хөндөж хүний эрхийн төлөө тэмцэж байгаа нь түүнийг "ШИЛДЭГ НӨЛӨӨЛӨГЧ" болгож байгаа гэхэд хэлсдэхгүй. Ямарсайндаа л тэрээр "АНДЛАЛЫН ХӨШӨӨ"-г нуртал нүдсэнээс болж тус хөшөөг татан буулгаж байсан удаатай билээ.

3. "ДӨНГӨЖ ТӨРСӨН ХҮҮ ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГААВ"

2021.01.21 Коронавирусийн халдвартай нь батлагдсан нимгэн хувцастай амаржаад удаагүй эх нялх үрээ тэврэн хүйтэн машинд сууж буйг харуулсан “Ийгл” телевизийн шууд дамжуулалт Монгол Улсын Засгийн газрыг огцруулах “шалтаг” болов.  Цар тахалтай тэмцэх эрх баригчдын оновчгүй шийдвэр, хатуу хөл хориог эсэргүүцэн бухимдсан олон нийт маргааш нь төв талбайд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулснаар тухайн үеийн Шадар сайд, Эрүүл мэндийн сайд гээд Засгийн газрын кабинет тэр чигтээ унаж байлаа.

4. КОНСУЛ АСАН 

Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ 2021 оны шилдэг нөлөөлөгчийн тоонд багтахаас өөр аргагүй. Учир нь түүний хийж буй лайв "Улаан бал", "Монгол коммент"-оос их үзэгчтэй болжээ. Хийж буй лайв болгондоо төрийн 3 өндөрлөг болон хууль зүйн сайд, хотын дарга нарыг гөвдөг түүнд иргэд дуртай. Гэхдээ тэр өөрөө хэр цэвэр хүн бэ гэдгийг хууль хүчний байгууллага шалгаад эхэлсэн. Үүний тайлбар болгож өөрөө намайг "НАМНАХ" ажиллагаа явуулж эхэллээ гэж байгаа юм.  Ямарсайндаа  түүнийг УИХ-д сонгогдсон Ардчилсан намын гишүүдээс илүү "СӨРӨГ  ХҮЧИН" байж чадаж байгаад иргэд талархаж байгаа бөгөөд, заримдаа хэтрүүлээд "ХАРААЧИХДАГ" байдалд нь дургүй аж. 

Энэ мэтчилэн Цар тахал үргэлжилсэн бас нэгэн түүхэн оныг монголчууд үдэж, 2022 онтой золгох гэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна