Коронавирусын вакцинд тэсвэртэй шинэ хувилбарууд гарч ирэх магадлал өндөр байна


 ДЭМБ-ын мэдээлж байгаагаар ирэх 2022 он ч дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэл өрнүүлэх жил байх болно. Мөн вакцинд бүрэн тэсвэртэй шинэ хувилбарууд ч  гарч ирэх магадлал өндөр байна гэж мэдэгдлээ.

Цар тахлын шинэ давлагаанууд дэлхийн улс орнуудад эрчимжиж байна. Тэгвэл ирэх онд цар тахлын вакцинд тэсвэртэй шинэ хувилбарууд гарч ирэх өндөр магадлалтайгаас гадна одоо хэрэглэгдэж байгаа вакцинууд үр дүнгүй болж болзошгүй байна гэдгийн ДЭМБ-аас онцлоод байна. Коронавируст халдварыг ДЭМБ-аас цар тахал гэж зарласнаас хойш 21 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд дэлхий нийтээр вакцинжуулалтын компанит ажлыг өрнүүлж, цар тахалтай тэмцэж байгаа ч шинээр тархах хувилбарууд түгшүүр төрүүлж байна.

ДЭМБ-ын Тэргүүн Тедрос Аданом Гебрейсус: -“Дэлхий нийтээрээ вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлэх, нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулахын тулд бид хамтран ажиллах шаардлагатай. Одоогоор дэлхий даяар хэрэглэгдэж байгаа вакцинууд “Омикрон” хувилбараас сэргийлэхэд үр дүнтэй байна. Хэрэв вакцинд тэсвэртэй вирус гарч ирвэл үйлдвэрлэгчид вакцинаа өөрчлөх шаардлагатай бөгөөд энэ нь вакцин хангамжийн хомсдол үүсгэж болзошгүй. Тиймээс улс орнууд дотоодын вакцин үйлдвэрлэлийн нөөцөө бүрдүүлэх нь нэн чухал. “Дельта” хувилбартай нэгэн зэрэг давлагаалж байгаа “Омикрон” хувилбар маш хурдан халдварладаг учраас “цунами” үүсгэж болзошгүй байгаад санаа зовниж байна” хэмээв.

Тэрбээр мөн мэдэгдлийнхээ үеэр дэлхий нийтээрээ хамтын ажиллагаагаа сайжруулахгүй бол энэ вирус улам хөгжиж, дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог доголдуулах болно гэжээ. Оны эхэн үеийг бодвол вакцины хангамж одоогоор сайжирч байгаа ч  чинээлэг орнууд амлалтаа биелүүлэхгүй байгаа нь ядуу буурай улс орнуудын вакцины нийлүүлэлтэд хүндрэл учруулж байна гэж ДЭМБ-аас шүүмжиллээ. Учир нь вакцины тэгш бус, хүртээмжгүй байдал нь цар тахлын явцыг уртасгаж магадгүй болж байгааг мэргэжилтнүүд ч онцолсоор байна. Гэхдээ цар тахлын аюул, ирээдүйд тулгарч болзошгүй сорилтыг үл харгалзан халдварын цочмог үеийг 2022 онд дуусч магадгүй гэж өөдрөгөөр төсөөлж байна гэв.

Түүнчлэн цар тахлын халдвартай тэмцэж байгаа энэ цагт зарим улстөрчийн үндсэрхэг үзэл,  популизм, ташаа мэдээлэл нь шинэ хувилбарууд гарч ирэх хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсээр байна. Цөөн тооны хүн шинжлэх ухааныг үгүйсгэж ихэвчлэн ташаа мэдээлэл, түгээж байгаа нь иргэдийн анхаарлыг сарниулж, эрүүл мэндийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулж үхэлд хүргэсээр байна гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна