Татварын хууль зөрчсөн сүлжээ бүхий хэрэгт Д.Дагвадоржийн нэрийг японы хэвлэл дурджээ

Админ
2022/01/05

2021 оны арванхоёрдугаар сарын 22-нд Асашёорюү Д.Дагвадоржтой холбоотой хэргийн талаар Японы “週間文春” /Shyukan Bunshun/ хэвлэлд шуугиан тарихаар нийтлэл нийтлэгджээ. Эл нийтлэлийг товчлон хүргэе.

Нийтлэлээс дурдвал, Нихон Их Сургуулийн ерөнхийлөгч асан 75 настай Хидэтоши Танакаг Токио хотын Прокурорын газрын Тусгай мөрдөн шалгах албаныхан түүнийг эхнэрийнх нь хамтаар орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн хэрэгт холбогдуулан шалгасан ба улмаар түүнийг баривчлан саатуулсан.

Хэргийг шалгах явцад түүний гэрээс зуу гаруй сая иен бэлнээр олдсон ч тэрбээр “Энэ бол миний олсон орлого. Үүнд эхнэр маань огт хамааралгүй” хэмээн мэдүүлэг өгч байжээ. Гэтэл Хидэтоши Танакагийн ойр дотнын найз гэгдэх Иногүчи Тадаог мөн японы хууль хяналтынхан шалгаж эхэлсэн. Учир нь, Иногүчи Тадао нь Нихон Их Сургуулиас төрөн гарсан сүмочдод очих ёстой мөнгө шагнал урамшууллыг Хидэтоши Танакад өгдөг байсан аж.

Асашёорюү аварга Д.Дагвадорж үүнд нэр холбогдох болсон гол шалтгаан нь Хидэтоши Танака гэгчтэй холбоотой гэж эх сурвалжийн нийтлэлд дурджээ.

Хидэтоши Танакагийн удирдаж байсан “Ничидай” /日大/ хэмээх сүмочдын клуб нь Монголоос сүмо бөхөд сонирхолтой хүүхэд залуусыг хүлээж авдаг байжээ. Хидэтоши Танака эхнэрийнхээ хамтаар эл клубынхаа ажлаар Монгол Улсад ирж байсан ба түүний хөтөч, орчуулагчаар нь Асашёорюү аварга Д.Дагвадорж ажиллаж байжээ.

Ингээд Японы хууль сахиулагчдын анхааралд Асашёорюү Д.Дагвадоржийн нэр холбогдсон сүлжээ өртөж эхэлсэн байна. Улмаар “Танака-Ичидай-Асашёорюү аварга” гэсэн гурвалсан сүлжээний талаар буюу “Монгол чиглэл” /Mongolian Route/-той холбоотой хэргийн сэжүүрээс атгасан гэж дурджээ.

Түүнчлэн, эл нийтлэлд Японы Токио хотноо төлөөлөгчийн газраа нээсэн Монгол Улсын Худалдаа Хөгжлийн Банк /ХХБ/ болон Японы “Савада Холдингс” /Sawada Holdings/ компанийн үүсгэн байгуулагч Хидэо Савада албан тушаалаа хүлээлгэн өгснөөс үл хамааран ХААН Банкны хувьцааг Токиогийн хөрөнгө оруулалтын компанид худалдсан талаар мөн онцолжээ.

Ийнхүү Нихон Их Сургуулийн Ерөнхийлөгч асан Хидэтоши Танакагийн хууль бус үйлдэлтэй холбоотой хэргийг шалгах явцад Асашёорюү аварга Д.Дагвадоржийн нэр холбогдож эхэлсэн нь эрхгүй анхаарал татаж эхэллээ.

Японы хууль хяналтынхан эл хэргийг цаашид гүнзгийрүүлэн шалгахаар болов. Японы Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Шинсүкэ Сүэмацү “Ничидай” сүмочдын клубтэй холбоотой хэрэгт онцгой ач холбогдол өгч, цаашид илүү нарийн шалгаж, Хидэтоши Танакагийн хэргийг улам нягтлахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

(Эх сурвалж: Shyukan Bunshun)  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна