Казахстанд найман хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархаджээ


Казахстанд үүссэн эмх замбараагүй байдлын улмаас найман хүний амь үрэгдэж, 300 гаруй хүн шархадлаа.

Амиа алдсан хүмүүс нь цагдаа болон Үндэсний гвардын дайчид байжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр гэмтэж, шархадсан 300 гаруй хүн мөн хүчний байгууллагынхан аж.

Босогчид Казахстаны Алма-Ата хотын олон улсын нисэх буудлыг эзэлж, нисэх гэж байсан таван онгоцыг дээрэмдэн, тоносон гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Байдал хяналтаас гарсан тул Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагаас тусламж хүсжээ. Үүн дагуу Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага Казахстан руу энхийг сахиулах хүчээ оруулахаар болсон байна.

Казахстанд үймээн анх шингэрүүлсэн хийн жижиглэнгийн үнэ өссөнөөс болж эхэлсэн юм. Төр засгийн зүгээс шингэрүүлсэн хийн үнийн асуудлыг шийдсэн ч хотуудад эмх замбараагүй байдал газар авсан.
Одоо Казахстанд орон даяар 14 хоногийн байлдааны онц байдал зарлаж, хөл хориод байна. Иргэдийг гэрээсээ гарахгүй, цонх руугаа ч ойртохгүй байхыг анхааруулж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна